Эрдэмтэд санамсаргүй туршилтаар Паркиносоны өвчтэй хулганыг эмчилжээ
Туршилтын явц санамсаргүйгээр эргэсний улмаас, Паркиносоны өвчтэй хулганыг эмчилжээ.
АНУ-н Сан Диего хотод байрлах Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн баг олон төрлийн энгийн эсүүдийг мэдрэлийн эс болгож хувиргах арга зам хайж холбогч эсүүдийн уургийг судлахаар оролдож байсан ажээ.
Паркинсоны өвчин нь хүний биеийн хөдөлгөөнийг зохицуулдаг допамин хэмээх бодисыг мэдрэлийн эсүүд боловсруулж чадахаа больсон үед үүсдэг байна. Уг өвчнөөр шаналж буй өвчтөнүүд допамин боловсруулалтын 80 орчим хувиа алдсанаас чичиргээ, хөдөлгөөн удаашрах болон тэнцвэр алдах зэрэг шинж тэмдэг үзүүлдэг.
Санамсаргүй байдлаар уг эмчилгээг нээж олсон эрдэмтэд цаашид үүнийг үргэлжлүүлэн судалж өвчнийг эдгээх нэг төрлийн арга олж чадна гэж найдаж байгаа юм. Одоогоор ашиглаж байгаа эмчилгээний аргууд нь зөвхөн өвчний шинж тэмдгийг багасгаж, өвчтөний амьдралыг уртасгах л боломжтой байгаа юм.
2018 оны байдлаар зөвхөн Их Британид 20-с дээш насны 145,000 хүн уг өвчнөөр шаналж байгаа бөгөөд АНУ-н хувьд аль хэдийн 1 сая орчим хүн болоод байгаа юм.
Калифорнийн их сургуулийн эрдэмтэд биеийн эсэд генийн өөрчлөлт хийдэг ПТБ гэх уургийг судалж байсан байна. ПТБ уургийн үүргийг илүү сайн судлахын тулд эрдэмтэд холбоос эдүүдийн уургийг хязгаарласан байна.
Хэдэн долоо хоногийн далаа эрдэмтдийг гайхшруулсан үйл явдал болсон нь хязгаарласан уургийн оронд мэдрэлийн эсүүд боловсорсон байна.
Үүний дараа хийсэн туршилтаараа эрдэмтэд ПТБ-г хязгаарласан тархины астроцит эсүүд мөн мэдрэлийн эс болон хувирч байгааг нээж илрүүлсэн байна.
Дэлхийн өнцөг булан бүрийн эрдэмтэд лабораторид тархины үүдэл эсийг ашиглаж шинээр мэдрэлийн эс гаргах авахыг зорьж байгаа бөгөөд, уг эрдэмтдийн нэг доктор Сиань Донг Фу:
“Бид хэрэв амжилт гаргаж чадвал мэдрэлийн өвчнөөс үүдэлтэй алдагдсан мэдрэлийг эсийг орлуулж чадна”
гэж мэдэгдсэн юм.
Эрдэмтэд лабораторид тархины үүдэл эсийг ашиглаж шинээр мэдрэлийн эс гаргах авахыг зорьж байна
Дараагаар нь эрдэмтэд Паркинсоны өвчинд чиглэсэн туршилтуудыг хийж эхэлжээ. Мэрэгч амьтдыг допамин ялгаруулагч мэдрэлийн эсүүдэд нөлөөлөх бэлдмэлээр хордуулж, өвчний шинж тэмдгийг үүсгэсэн байна.
Тэдний ПТБ уургийг хаасны дараагаар туршилтын амьтдын тархины астроцитийн 30 хувь нь мэдрэлийн эс болон хувирсан байна. Уг хувирсан эсүүд нь хэвийн эстэй ижил үүрэгтэй байгаа бөгөөд үйл ажиллагаа нь хэвийн байдалдаа орсон байна.
Өвчний шинж тэмдэг илэрч эхлэх үед туршилтын хулганын ПТБ-г хааснаар эргээд хэвийн хөдөлгөөн нь сэргэсэн бөгөөд, ганцхан эмчилгээ нь бүтэн амьдралынх нь турш хэвийн байлгахаар хүчин чадалтай байна.
Уг эрдэмтдийн багийн гишүүн доктор Виллиам Мобли: Би харсан зүйлдээ итгэж ч чадаагүй шүү. Бидний шинээр олсон энэ мэдрэлийн эмгэгийн эмчилгээ нь цаашид өөр олон төрлийн өвчин болон хүндэрсэн шатны өвчтөнүүдэд ч итгэл найдвар болох талтай гэсэн байна.
Хэдийгээр уг эмчилгээ нь маш үр дүнтэй байгаа боловч хүн дээр туршилт хийх явц хүртэл маш урт замыг туулах хэрэгтэй болно. Эрдэмтэд допаминий хордолтод орсон хулгана дээр хийж байсан туршилтаа цаашид генийг нь өөрчилж, Паркиносоны өвчтэй ижил шинж тэмдэг үүссэн хулгана дээр хийхийг зорьж байгаа юм.
Их Британийн Алцхеймэр өвчин судлалын хүрээлэнгийн эмч Сара Имарисо: Ийм төрлийн дэвшилтэт арга барил бидэнд маш хэрэгцээтэй байгаа, үр дүн нь ч маш өндөр боломжтой юм гэсэн ч туршилт эхний шатандаа явж байгаа, дээр нь хулгана дээр хийсэн туршилт болохоор цаашид хүн дээр үр өгөөжөө өгөх эсэхийг одоогоор хэлэхэд хэтэрхий эрт байна гэсэн юм.
Калифорнийн эрдэмтдийн баг уг нээлтдээ патент авсан байгаа бөгөөд цаашид маш олон хүнд ашиг тусаа өгнө гэж найдаж байгаа юм.
Уг багийн гишүүн Фу эмчийн хэлснээр: Одоо энэ эмчилгээний аргачлалыг клиникийн төвшинд хүргэх нь миний мөрөөдөл болоод байна. Энэ эмчилгээг Паркинсоны өвчнийг эмчлэхэд амжилттай ашиглаж чадвал цаашид мэдрэлийн эсэд нөлөөлдөг бусад Алцхеймэр болон Хантингтоны өвчин, цус харвалт зэргийг эмчлэхэд ч ашиглаж болохоор гэж үзэж байна гэжээ. Тэрээр мөн би үлдсэн амьдралынхаа туршид үүнийг амжилттай болгохын тулд зориулах болно гэжээ.
Эх сурвалж: Yahoo