Польш улс дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт видео тоглоом оруулсан анхны орон боллоо
Польшид видео тоглоомын салбарыг төлөөлж "Европын видео тоглоомын холбоо"-ны гишүүн Спидор Супчек ирэх 2020/2021 оны хичээлийн жилээс эхлэн "This war of mine" буюу "Энэ миний дайн" видео тоглоомыг Польш дахь ахлах ангийн сурагчдын албан ёсны хичээлийн төлөвлөгөөнд байрлууллаа гэж мэдэгдэв. Тус тоглоомын социологи, ёс зүй, гүн ухаан, түүхийн ухааны хичээл үзэж байгаа сурагчид үнэ төлбөргүй ашиглах авах аж.
Польшийн тоглоом хөгжүүлэгч "11 бит" студи бүтээсэн "Энэ миний дайн" тоглоом нь дайны сэдэвтэй бөгөөд бусад ижил тоглоомуудаас ялгаатай нь цэрэг гэхээс илүү энгийн иргэд дайны үеэр хэрхэн тэмцдэг тухай өгүүлдэг гэнэ.
Тоглоомын үйл явдлыг Балканы мөргөлдөөнөөс сэдэвлэсэн юм. Тоглогч амьд үлдэхийн тулд хоол хүнс, эм тариа, орон байр хайхын зэрэгцээ өөрийгөө авч гарах эсвэл бусдад туслахын тулд хүнд сонголт хийхээс өөр аргагүй болдог.
"Европын видео тоглоомын холбоо"-ны дарга, доктор Доминика Урбанка-Галаняк "Түүхэнд анх удаа видео тоглоомыг хүүхдүүдийн боловсролд ашиглах гэж байна. Боловсролын яам, Ерөнхий сайд Матеуш Моравецки нар видео тоглоомын салбарын соёл, бүтээлч байдал, инноваци, тэр ч байтугай боловсрол дахь салбарын үүргийг дэмжиж, хүлээн зөвшөөрч байгаад бид баяртай байна. Энэ бол видео тоглоомууд түүх, ёс суртахууны чухал асуудлуудыг хөндөх замаар боловсролыг дэмжиж буйн тод жишээ юм. ” гэж хэлжээ
Мөн тус холбооны төлөөлөгч Саймон Литтл: "Европын засгийн газар боловсролын салбарт видео тоглоомын үнэ цэнийг ийм байдлаар хүлээн зөвшөөрч байгаа нь үнэхээр сэтгэл хөдөлгөм явдал юм. Видео тоглоомууд нь 21-р зууны нийгмийн салшгүй хэсэг болсон, ялангуяа сурагчдын идэвх, сургалтын үр дүнг нэмэгдүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, асуудлыг шийдэх, сэтгэцийн чадварыг нэмэгдүүлэх зорилгоор батлагдсан сургуулийн орчинд ашиглахад асар их ашиг тусыг авчрах болно. " хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: talkesport.com