Коби Брайнтын олон нийтэд дэлгэгдээгүй бичлэгийг дуудлага худалдаагаар зарна
НБА-г байлдан дагуулж 5 удаа аварга болсон олон амжилтын эзэн Лос Анжелес Лэйкэрс багийн тоглогч домогт Коби Брайнт ахлах сургуульд байхдаа ч маш олон дэмжигчидтэй супер од байлаа. Тиймээс ч ихэнх тамирчдын замнал болсон ахлах сургуулиас коллежид элсэж тэндээс НБА-н багт сонгогддог уламжлалыг эвдэн 17 настай байхдаа ахлах сургуулиас шууд НБА-н багт элссэн билээ.
Тэр үеэс даруй 24 жилийн дараа түүний Филадельфи мужийн Лауэр Мэрион ахлах сургуульд тоглож байх үеийн тоглолтууд болон ярилцлагуудыг нэгтгэсэн 22 цагийн бичлэгийг дуудлага худалдаанд оруулах гэж байна. Уг бичлэгийг олон нийтэд дэлгээгүй бөгөөд түүний дэмжигчид маш их сонирхоно гэж үзэж байгаа юм.
Өмнө нь мөн Леброн Жэймс, Том Брэди, Шакилл О’Нилл болон Двэйн Вэйдийн ахлах сургуулийн бичлэгүүд ч мөн адил зарагдаж байсан юм.
Уг дуудлага худалдаа энэ оны 7-р сарын 23-ны өдөр явагдах бөгөөд эхлэх үнийг 250-350 мянган ам.доллараас эхэлнэ гэж тооцож байгаа юм.
Сүүлчийн бүжиг баримтат киноны нөлөө:
Уг бичлэгийг худалдаалж байгаа дуудлага худалдааны баг саяхан гарсан ESPN телевизийн бүтээл болох “The Last Dance” буюу “Сүүлчийн бүжиг” нэртэй НБА-н 6 удаагын аварга Чикаго Буллз багийн тамирчин домогт Майкл Жорданы тухай баримтат кино өндөр амжилт үзүүлсэн нь Коби Брайнтын бичлэгийг илүү их сонирхол татахад нөлөөлнө гэж үзэж байгаа юм.
Уг кино гарсаны дараагаар Жордан брэндийн үнэ цэнэ ашиг ч мөн өндөр хувиар нэмэгдсэн юм. Жорданы гарын үсэгтэй мөрөөдлийн багийн өмсгөл дангаараа 216 мянган ам.доллар хүрсэн билээ.
Брайнтын бичлэгийн 60 хувь нь түүний тоглолтын бичлэг бөгөөд үлдсэн 40 хувь нь түүнээс авсан ярилцлага гэх мэт олон нийтэд цацагдаагүй, маш цөөхөн үзэгчдийн хүртээл болсон бичлэгүүд байгаа юм.
Брайнт Лауэр Мэрион ахлах сургуульд байхдаа багаа удирдаж 53 жилийн дараа анх удаа мужын аваргыг авсан нь түүнийг олонд танигдах боломжыг нээсэн билээ. Уг бичлэгийг хийсэн Стью Росс болон түүний багийнхан 1994 оноос 2003 оны хооронд болсон нийт 35 мянган тоглолтын бичлэгийг хийж байжээ.
Коби Брайнт охин Жианна Брайнтын хамт
Дуудлага худалдааг зохион байгуулагчид эцсийн үнийн 10 хувийг Коби Брайнтын дурсгалд үүсгэсэн Мамба санд хандивлана гэдгээ мэдэгдээд байгаа юм. Уг сан нь Коби Брайнттай хамт Калабасас-дахь нисдэг тэрэгний ослоос болж амь эрсэдсэн 7 хүний гэр бүлд дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна. Уг осол болох үед Коби Брайнт өөрийн охин 13 настай Жианна Брайнтын хамт байсан бөгөөд ослоос нэг ч хүн амьд үлдээгүй юм.
Эх сурвалж: CNN