Ливерпүүл клуб 30 жилийн дараа Английн Премьер лигийн аварга боллоо
Хамгийн сүүлд 1990 онд Английн дээд лигт түрүүлснээс хойш 30 жил, 1992 онд премьер лиг гэдэг нэртэй болсноос 28 жил улсынхаа дээд лигт түрүүлээгүй байсан алдарт "Ливерпүүл" клуб 2019-2020 оны улиралд аварга болжээ.
Тус клуб нь Премьер лигт түрүүлэхдээ 7 тойргийн өмнө болзлоо хангасан юм. Учир нь өнгөрсөн шөнө "Челси" клуб талбайдаа хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байсан "Манчестер Сити"-г хүлээж авч, 2:1-ээр буулгаж авсан байна. "Сити" 63 оноотой үлдэж, тэргүүлэгч "Ливерпүүл"-ээс 23 оноогоор хоцорсон аж. Тиймээс үлдсэн 7 тойргийн тоглолтоос үл хамаарч "Ливерпүүл" клуб Английн дээд лигт 19 дэх түрүүгээ авлаа.
Англид "Манчестер Юнайтед" клуб 20 удаа түрүүлснээрээ тэргүүлдэг. Тэгвэл "Ливерпүүл" ийнхүү тэдний араас орж ирж байгаа аж. 2015 онд Юрген Клопп "Ливерпүүл"-ийн дасгалжуулагчаар томилогдсоноос хойш 2018-2019 оны улиралд Аваргуудын лигт, 2019 оны УЕФА Супер цом, 2019 оны клубын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоод 2019-2020 оны улирлын премьер лиг гэсэн дөрвөн өөр тэмцээнд түрүүллээ. Тэгвэл Клоппын хувьд дасгалжуулагчийн замналынхаа 9 дэх цомыг хүртлээ. Өмнө нь тэрбээр Германы Бундес лигт 2, Германы цомд 1, супер цомд 2 түрүүлж байсан юм.
Мөн "Ливерпүүл" Английн премьер лигт түрүүлж байгаа 7 дахь баг боллоо. Английн дээд лиг 1992 оноос хойш нэрээ өөрчилж, премьер лиг болсноос хойш "Манчестер Юнайтед" хамгийн олон буюу 13 түрүүлсэн. Харин "Челси" 5, "Манчестер Сити" 4, "Арсенал" 3, "Блэкберн", "Лестер" тус бүр 1 удаа түрүүлж байсан түүхтэй.
Эх сурвалж: BBC