МАНдуулсандаа баярлахаасаа өмнө маш сайн бод!
Ард түмний сонголтыг шүүх эрх хэнд ч байхгүй. Гэвч
МАН яг үнэндээ У. Хүрэлсүхийн "сайн нэр", С.Эрдэнийн "муу нэр", ард түмний олонхи ядуу буйн БУЯН-аар үнэмлэхүй ялалт байгуулж 62 суудал авлаа.
У.Хүрэлсүх яагаад сайн нэрийг олсон бэ? гэвэл тэр ард түмний хүсэл зоригийг мэдэрч чадсан.
1. Утаа бууруулж, "ковид"-ын халдвар тараасангүй. Засгийн газар асуудлуудыг шийднэ гэж найдлаа
2. Авлигач, хулгайчдыг төрөөс зайлуулна гэж амласны дагуу М.Энхболд тэргүүтэй хэсэг хүмүүсийг явууллаа. Төрд цэвэрлэгээ үргэлжлүүлнэ гэж найдлаа
3. Ус гол ухуулахгүй гэж амлаж, хууль бус уурхайнуудыг зогсоолоо. Монгол хүн юм гэж итгэлээ
4. Тавантолгойг гадныханд өгсөнгүй. Эрдэнэтийн 49 хувь, Салхитын ордыг төрд эргүүлэн авчирлаа. Монгол хүн баялагтаа эзэн болно гэж найдлаа
5. Газрын тос боловсруулах үйлдвэр,төмөр зам барих зэргээр дотоодын үйлдвэрүүдээ сэргээхийг зорив. Монгол хүн ажилтай болно гэж итгэв
6. Гадаад өр дарсан гэх амлалтад нь итгэж, ирэх жилүүдэд хуримтлагдсан их өрүүдийг дарна гэж найджээ
Ард түмэн хэр их итгэл найдвар хүлээлгэнэ. Түүнийхээ хирээр хариуцлага нэхнэ. Өндөр их итгэл найдварыг алдахад өндрөөс унахтай л адил.
62 гишүүнээс нэг нь л АВЛИГАЧИН байхад намын даргын нэр хүнд дагаад унах тийм эмзэг, их итгэл дээр энэ сонголт боллоо.
"Морин дээрээс дэлхийг эзлэх амархан. Харин мориноосоо буугаад төр төвхөнүүлэх түүнээс хэцүү" гэж эзэн Чингис хэлсэн учраас одоо хийх, төвхөнүүлэхийг л харах үлдэж байна.
Ард түмэн хүслийг чинь хэд нугалж гүйцээлээ. Харин одоо амлалтаа хэд нугалж биелүүлэх үүрэг хүлээлснээ өглөө бүр бодож сэрэх үлдлээ. Амжилт хүсье!!
Би ингэж бодож байна. Харин та?
Сэтгүүлч.Б.Отгон 2020.06.25