УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт өчигдөр явагдаж дууссан билээ. Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын дүнг танилцуулж байна.
Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа
"Сонгогчийн нэрийн жагсаалтад нийт 2,003,969 хүн бүртгэгдсэнээс 1,475,800 нь саналаа өгч, сонгуулийн ирц 73.65 хувь байлаа.
Санал хураалт явагдаж дууссанаас хойш нийт хэсгийн 50 хүртэл хувьд хяналтын тооллого явуулахаар хуульчилсан байдаг. Хэдэн хувьд нь хийхийг шийдсэний дараагаар ажиглагчид санамсаргүй байдлаар сонгогдож, хяналтын тооллого хийдэг.
Энэ удаагийн сонгуулиар 849 хэсэг буюу нийт хэсгийн хорооны 41.2 хувьд нь хяналтын тооллого хийж байна. Одоогоор Баянгол дүүргийн хоёр хэсгийн хороонд хяналтын тооллого үргэлжилж байна. Тун удахгүй дуусахаар байна.
Одоогоор санал тоолох төхөөрөмжийн дүн нь хяналтын тооллоготой зөрсөн тохиолдол гараагүй.
Өнөөдөр өглөөний 07:30 цагт санал хураалтын дүнгийн хамгийн сүүлийн мэдээ ирсэн.
Тухайлбал, Сүхбаатар аймгийн Түвшинширээт сумын хэсгийн хороо дүнгээ 35-60 км явж дүнгээ дамжуулсан. Энэ сумын хойд хэсгээр хүчтэй бороо орж, үер буусны улмаас үерт автсаны улмаас Онцгой байдлын газрын автомашинаар үертэй хэсгийг тойрч явж мэдээгээ ирүүлсэн.
Түүнчлэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд их хэмжээний үер буусан тул мэдээгээ өгөх хүмүүсээ авах гэж явсан ЛК-200 автомашин урссан. Мөн УРАЛ машин явуулсан ч дунд нь суусан учир нэлээд удааширсан.
Нийт нутгаар бороо ихтэй байсан ч хуулийн дагуу сайн ажиллалаа" гэв.
Хяналтын тооллого дууссанаар нэгдсэн мэдээг Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудаст байршуулах аж.