Ялалтын баярын жагсаалд монгол цэргийн сүрийг гайхууллаа
Аугаа эх орны дайны Ялалтын 75 жилийн ойн Ялалтын баярын сүрт жагсаал Москва хотын Улаан талбайд зургаадугаар сарын 24-нд боллоо.Уг жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл буюу БХЯ, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, “Алдар” спорт хороо болон Зэвсэгт хүчний 19 анги, байгууллагаас бүрдсэн шилдэг 31 офицер, 44 ахлагч монгол цэргийн сүрийг гайхууллаа.
Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хошууч С.Ариунболд, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн ахмад Б.Анхмандах нар Улаан талбайд цэргүүдээ удирдан алхсан юм.
Монгол Улсын Төрийн далбааны тугчнаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахлах дэслэгч Т.Ганболд, хамгаалагчаар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн дэслэгч Б.Баатарсүрэн, ахлагч Н.Нямдаваа нар тус тус томилогджээ. Тус ёслолын жагсаалд оролцсон цэргийн алба хаагчдыг 200 гаруй цэргийн алба хаагчдаас сонгон шалгаруулсан бөгөөд найман цэргийн алба хаагч өмнө нь ОХУ, БНХАУ-д зохион байгуулагдсан цэргийн ёслолын жагсаалуудад оролцож байсан туршлагатай аж.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин ялалтын парадыг нээж, үг эхлэнгүүт "Дайн эхэлсэн цагаас Монгол улс, Монголын ард түмэн бидэнд үнэлж баршгүй тусламж үзүүлсэн" гэв.