Германы парламент санал нэгтэйгээр байгаль орчинд хор хөнөөлтэй нэг удаагийн хуванцар хэрэгслүүдийг нэн даруй хориглох шийдвэр гаргалаа. Тухайлбал хуванцар соруул, таваг, хутга, халбага, сэрээ, чих ухдаг хөвөн зэргийг 2021 оны 7-р сараас эхлэн тус орны иргэд ашиглахгүй болох юм байна.
Уг төсөлд хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг нэг удаагийн хуванцар хэрэгслүүд нь ихэвчлэн далайн хог хаягдал болж дуусдаг учраас Германы засгийн газар уг асуудлыг цэгцэлж, байгаль орчинд сөрөг нөлөөтэй материалуудыг хориглон цаашид байгальд ээлтэй хөрсөнд хурдан шингэж үгүй болох технологиудыг хөгжүүлж түүгээр гялгар уут болон түргэн хоолны савнуудыг орлуулан хэрэглээ болгох ажлыг хийхээр болжээ.
Төлөвлөгөөний дагуу зарим төрлийн нэг удаагийн хуванцар хэрэглэлүүд болох бургер болон сендвичний хайрцгийг орлуулах ямар нэгэн боломж одоогоор практикд нэвтрээгүй хэдий ч 2025 он гэхэд энэ төрлийн матералын хэрэглээг 25 хүртэл хувиар бууруулах мөн дахин боловсруулах боломжтой ус, ундааны савны хэрэглээг 90 хувьд хүргэх зорилт тавьжээ.
Өнгөрөгч таван сард Германы эрүүл мэндийн комиссын гаргасан судалгаагаар улс даяарх нийт далайн эргийн хог хаягдлын 80-с илүү хувь нь хуванцар материал бүхий хаягдал байгаа нь далайн эргийн эко бүсэд заналхийлж буй гол хүчин зүйл болоод байгаа ажээ. Комиссын тогтоосноор уг хог хаягдал нь тус улсад жилд 295-339 сая ам.долларын хохирол учруулж байгаа юм.
Эх сурвалж: ABC news