Согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний байгууллагуудыг 00.00 цаг хүртэл ажиллана
Улсын Их хурлын 2020 оны сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-25-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон нийслэлийн Засаг даргын захирамжийн талаар өнөөдөр цахимаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн нар өгөв.
“Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/840 дугаартай захирамжийг өнөөдөр нийслэлийн Засаг дарга гаргалаа. Захирамжид УИХ-ын сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-25-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Мөн энэ сарын 24-ны өдөр буюу сонгуулийн санал авах өдөр соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг холбогдох албаныханд даалгажээ. Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүдийг тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу энэ сарын 24-ний өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдэгдсэн байна” гэж НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал мэдээллээ.
Энэ сарын 26-ний өдрөөс эхлэн 22 цаг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчилж байгаа аж ахуйн нэгжүүдийн цагийн хуваарийг шөнийн 00.00 цаг болгон сунгаж байгаа аж. Энэ талаар нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн, “Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хяналт тавьж ажиллана. Цагдаагийн байгууллагад согтуугаар үйлдэгдэж байгаа дуудлага оны эхнээс энэ сарын 15-ны өдрийн байдлаар 70 мянга орчим ирсэн. Өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 12 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Нийслэлийн Засаг дарга өмнө нь архи согтууруулах ундаа худалдах, үйлчлэхийг хориглосон захирамж гаргасан.Тухайн үед 70 гаруй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж холбогдох арга хэмжээг авч ажилласан. Тиймээс энэ удаагийн захирамжийн хүрээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүд болон иргэд гар дээрээс архи согтууруулах ундаа худалдаж, хууль тогтоомж зөрчихгүй байхыг хүсэж байна” гэв.
Дээрх захирамжийн хүрээнд хяналт тавьж ажиллахаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаал гарч, хороо дүүрэг бүрт улсын байцаагч нар хяналт тавих аж. Хэрэв зөрчил гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээг авч тусгай зөвшөөрлийг цуцална хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн мэдэгдлээ. Энэ сарын 26-ний өдрөөс цагийн хуваарь нь сунгагдсан аж ахуйн нэгжүүдэд цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа эсэхэд мөн хяналт тавьж ажиллах аж.