Э.Эрдэнэбаатар: Сэрэмжлүүлэх самбар байсаар байтал иргэд үл тоомсорлон ус руу ордог
Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатартай ярилцлаа.
-Он гарсаар гол усанд живж эндсэн хүний тоо хэд хүрээд байна вэ?
- Он гарснаас хойш нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд усны ослоор долоон хүн эндэж нас барсан. Дөрвөн хүүхэд, гурван том хүн. Дөрвөн хүүхдийг та бүхэн мэдэж байгаа байх. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны газар нутагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд нуурын усанд 11-13 бага насны хүүхдүүд усанд тоглож байгаад осолдсон. Гурван том хүний хувьд 24-49 настай хүмүүс байсан.
-Нийслэлийн хэмжээнд гол устай холбоотойгоор өдөрт хичнээн дуудлага ирдэг вэ?
-Ер нь бол усанд осолдлоо гэсэн дуудлага ирвэл бид дуудлагаар шуурхай очно. Бид иргэдийг усанд осолдохоос урьдчилан сэргийлж Нийслэлийн засаг даргын захирамж гаргаад зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд Туул, Хэрлэн, Тэрэлж гол дагуу завьт, болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Яагаад ажиллуулж байна гэхээр сүүлийн хэдэн жил уламжлал болоод гарчихсан, урьдчилан сэргийлэх байдлаар иргэддээ анхаарал тавьдаг. Ялангуяа зуны улирал эхэлчихсэн, өдөрт 25 хэмээс дээш халсан үед бол иргэд ихэвчлэн гол руу явдаг. Тэнд очиж сэрүүцэх гэж, зарим нэг нь зугаалгаар явдаг. Мөн бага насны хүүхдээ салхинд гаргах нэрийдлээр дагуулж явна. Тийм болохоор бид урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байгаа. Үүнийг Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон манай НОБГ хамтран хөдөлгөөнт эргүүлд ажиллаж байна. Завьт эргүүлд Нийслэлийн аврах 105 дугаар ангийн хөдөлгөөнт эргүүлийн хоёр бүлэг ажиллаж байгаа. Хар усан тохойгоос Маршалын гүүр, Маршалын гүүрнээс Хадан хясаа гэсэн ийм маршрутаар Туул гол дагуу, Хэрлэн гол дагуух 25 км орчим, Тэрэлж голын 25-35 км орчим газарт хөдөлгөөнт, завьт эргүүлүүдийг ажиллуулж байна. Өмнө нь бол ялгаа байгаагүй. Сүүлийн таван жил ингэж явж байгаа юм. Захирамж гараад урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдээ хөдөлгөөнт болон завьт эргүүлээр хянана. Амарч байгаа хүмүүстээ урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгээ өгнө. Чанга яригчаар урьдчилж хэлнэ. Бага насны хүүхдээ хараа хяналтгүй байлгахгүй, голын усанд оруулахгүй шүү гэх зэргээр хяналт тавин ажиллаж байна. Энэ жилийн хувьд бид нэмэлтээр урьдчилан сэргийлэх самбарыг тодорхой цэгүүд дээр нэмж байрлуулж байгаа. Энэ нь хүмүүс осолдож байсан хэсэг болон цүнхээл гүнзгий хэсгүүдээрээ яг метрийг нь заагаад ойролцоогоор 2,80 метр гэдэг юм уу, эсвэл 2,70 метр ч гэдэг юм уу хэмжээг нь тавьж байгаад 10 ширхэг самбарыг өмнөх самбарууд дээр нь нэмэлтээр байрлуулна . Үүн дээр нэмэлтээр дүүргүүд мөн тодорхой хэмжээний самбарыг байрлуулахаар ажиллаж байна. Ямар ч байсан бид сонгуулийн өмнө амжуулна. Амжихгүй бол сонгуулийн дараа долоодугаар сарын нэгнээс өмнө бүх самбаруудаа байрлуулахаар төсөв мөнгийг нь шийдүүлэх гээд байж байна.
-Хүмүүсийн гол усанд ихээр эндэж буй шалтгаан юу байна вэ? Өөрсдийнх нь хэнэггүй байдалтай холбоотой байна уу?
-Олон шалтгаан байгаа. Голын усанд орж буй хүмүүс зугаалгаар, гэр бүлээрээ, найз нөхдөөрөө мөн сэрүүцэх гэж явж байна. Тэнд ихэвчлэн том хүмүүс очоод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Энэ үедээ бага насны хүүхдийнхээ хараа хяналтыг алддаг. Бага насны хүүхдүүд тэнд тоглож байгаад голын их ус руу орчихдог. Тэгээд усанд живэх асуудал гардаг. Мөн хүүхдүүд бөөнөөрөө нийлж буюу найзууд нийлээд гол руу очиж байгаа асуудал байна. Сүүлд осолдсон хүүхдүүдийн хувьд ерөөсөө л Дэнжийн мянгаас Цэцэрлэгт хүрээлэн рүү очиж урдах нуурын усанд нь тоглох гэж байгаад л осолдсон. Мөн сэрэмжлүүлэг самбар байсаар байтал иргэд өөрсдийн хэнэггүй, хайхрамжгүй байдлаасаа болж, үл тоомсорлон ус руу ордог. Усанд би сэлж чаддаг гэж эрдэж гүнзгий хэсэг рүү шумбан гарч ирэхийн тулд орж байна. Гэтэл тухайн газрууд нь харагдаж байгаагаасаа огт өөр байх тохиолдол зөндөө байдаг. Эдгээр зүйлсээс болж осолдож байсан нөхцөл байдал бага гэлтгүй байгаа. Нийт ослын 80 орчим хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ усанд осолдсон байдаг.
- Хүүхдүүд бөөнөөрөө явж байгаад усанд осолдож байна. Хүүхдүүдэд усанд сэлэх арга техник, наад захын мэдлэг дутмаг байх шиг. Үүнд хэрхэн анхаарч болох вэ?
- Арван жилийн хүүхдүүдэд “Аюулгүй амьдрах ухаан” гээд 1,2,3 боть ном гарчихсан, манай ОБГ дээр энэ ботийг хүүхдүүдэд заагаад, хичээлийнх нь хөтөлбөрт орчихсон явж байгаа. Усанд осолдож болохгүй гэдэг юм уу, энэ байдлыг нэгдүгээрт эцэг эх нь өөрсдийнхөө хэмжээнд анхааруулах ёстой. Эцэг эх нь хүүхдүүддээ зааварлаад, хэлээд хараа хяналтаа сайжруулна гэсэн үг шүү дээ. Өглөө ээж аав нь гараад явдаг. Хүүхдүүд нь гэртээ үлддэг. Тэгээд хоорондоо нийлж дарвиад “За ийшээ Туул гол гаръя, тэнд очиж сайхан голын усанд оръё” гэдэг энэ хугацаанд л осол болоод байгаа юм. Ер нь бол голын усанд орж болохгүй гэдгийг л ойлгуулах ёстой. Хүүхдүүд ч гэсэн өөрсдийгөө гол усны ослоос сэргийлж усанд орж болохгүй, аюултай гэдгийг арван жилийн “Аюулгүй амьдрах ухаан” гэдэг хичээлээрээ дамжуулан тодорхой хэмжээний мэдлэгийг олж авсан байх ёстой.
-Дээрх сэрэмжлэгүүдээс өөр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Бид бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүргэж байна. Энэ нь улсын хэмжээнд явагдаж байгаа. Би зөвхөн гол ус гээд нийслэлийн хэмжээнд ярьж байгаа ч улсын хэмжээнд энэ ажил бүрэн утгаараа явагдаж байгаа юм. Нуур цөөрөм юу л байдаг юм, тэр болгонд бүх онцгой байгууллага, мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Бидний хувьд энэ урьдчилан сэргийлэх ажлыг хийснээрээ өнгөрсөн зургаадугаар сарын 11-нд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Адам и евагийн загас үржүүлгийн тэнд 17-20 насны хоёр эмэгтэй яг усанд осолдож байхад нь манай завьт эргүүлийнхэн очиж амь насыг нь аварсан. Тухайн хоёр иргэнээс юу болсон талаар асуухад зүгээр л тоглож байсан гэж байгаа юм. Тийм л болгоомжгүй байдлаас болж өөрсдийгөө эрсдэлд оруулж байна. Бүр цаашлаад амь насаа алдах нөхцөл байдлыг үүсгэж байна. Бид голын дагуу урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа нь иргэдээ аль болохоор голын ус руу оруулахгүй байх, голын усанд орсон байвал буцаагаад гаргах, дуудлага ирсэн үед яаралтай түргэн шуурхай очиж аврах үйл ажиллагааг явуулах зорилготой байна.
-Хөл хориотой холбоотойгоор хүмүүсийн очих газар нь гол л болж байна. Гол дагасан архидалт их байна уу?
-Үүнийг цагдаагийн байгууллага л мэдэх байх даа. Бид зөвхөн урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлгээ өгөөд явдаг. Осол болсон үед аврах ажиллагааг л зохион байгуулна. Хэдэн хүн архидсан, хаана хаана архидсан гэдэгт цагдаагийн байгууллагын хөдөлгөөнт эргүүлийнхэн тодорхой хэмжээний судалгаа хийгээд явдаг.