АНУ энэ оныг дуустал гадаадын иргэдэд түр хугацааны хөдөлмөрийн виз олгохгүй
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гадаадын иргэдэд H-1B, L-1 зэрэг цагаачлалын бус, түр хугацааны хөдөлмөрийн виз олгох үйл явцыг 2020 он дуустал зогсоох зарлигт гарын үсэг зурах гэж байгааг ойрын эх сурвалжууд мэдээлжээ.
Коронавирусын цар тахлын улмаас уналтад орсон эдийн засгаа сэргээж, иргэдийн ажилгүйдлийн төвшинг буцаан багасгах зорилгоор эрх баригчдын зүгээс авч хэрэгжүүлж буй шат дараат ажлуудын нэг нь энэ аж.
Ялангуяа технологийн салбарт хэрэгтэй ур чадвар бүхий ажилчдад олгодог H-1B, том корпорацийн гүйцэтгэх албан тушаалтнуудын L-1 виз дээр онцгой хязгаарлалт тавигдах юм байна. Мөн зочид буудал, барилгын салбар гэх мэт улирлын шинжтэй ажлын H-2B, судалгаа, эрдэм шинжилгээний J-1 виз олголтыг он дуустал хязгаарлах төлөвтэй аж.
Харин хүнс, ногооны нийлүүлэлтэд саад учруулахгүйн тулд хөдөө аж ахуйн H-2A виз, мөн цар тахалтай тэмцэх эмнэлгийн ажилтнуудыг дээрх хоригоос чөлөөлөх аж.
Өнгөрсөн тавдугаар сард Дональд Трамп ногоон картны сугалааг түр зогсоох шийдвэр гаргасан ч бизнесийн салбарт нэн шаардлагатай зочин мэргэжилтнүүдийг нээлттэй хүлээн авахаар болжээ.
Эх сурвалж: NPR