Давснаас үүдсэн өвчнөөр жилд 1.65 сая хүн нас бардаг
Өдөрт 2,0 граммаас ихгүй давс /NaCl/ хэрэглэ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөс хэтрүүлсний улмаас жилд 1,65 сая хүн зүрхтэй холбоотой өвчнөөр нас бардаг болохыг шинэ судалгаа харууллаа.
АНУ-ын “The New England” анагаах ухааны сэтгүүлд хэвлэгдсэн судалгааг хийхдээ, дэлхийн насанд хүрсэн хүн амын бараг дөрөвний гурвыг төлөөлөх улсуудын давсны хэрэглээний талаарх 205 судалгааны мэдээллийг дэлхийн бусад хоол хүнсний мэдээлэлтэй хослуулан судалж, дүн шинжилгээ хийсэн байна.
Ингээд дэлхийн улсуудын давсны хэрэглээ 2010 онд 3,95 грамм байсныг тогтоожээ. Энэ нь өдөрт 2,0 граммаас ихгүй давс хэрэглэ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөс бараг хоёр дахин их байгаа юм.
Дэлхийн бүх бүс нутгийн давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөснөөс хамаагүй их байна. Тухайлбал, Сахарын цөлөөс урагш орших улсуудад өдөрт 2,18 грамм, Төв Азийн улсуудад өдөрт 5,51 грамм давс хэрэглэж байна.
Давс хэт их хэрэглэснээс үүдсэн зүрхний шигдээс, цус харвалт болон зүрхтэй холбоотой бусад өвчнөөр дэлхий дахинд жилд 1,65 сая хүн нас бардаг ажээ. Энэ нь нас барсан 10 хүн тутмын нэг нь давс хэтрүүлэн хэрэглэдэг байсан гэсэн үг.
Натри хлорид нь хүний бие мах бодын үйл ажиллагаанд амин чухал, хэрэгцээт бодис юм. Гэхдээ үүнийг хэт их хэмжээгээр хэрэглэсний улмаас цусны даралт нэмэгдэхээс гадна зүрх судасны өвчин, тухайлбал зүрхний шигдээс тусаж, цус харвах эрсдэл нэмэгддэг юм.
Эх сурвалж: fishki.net