Энэтхэг-Хятадын хилийн бүсийн зөрчилдөөн хурцдаж, Энэтхэгийн 20 цэрэг амиа алджээ
Энэтхэг-Хятадын хилийн маргаантай бүс нутаг болох Ладакхд хоёр улсын хилийн цэргүүдийн хооронд мөргөлдөөн үүсч, Энэтхэгийн 20 гаруй цэрэг амиа алдсан талаар Энэтхэгийн эрх баригчид мэдээлээд байна.
Энэтхэгийн Гадаад хэргийн яам БНХАУ-ыг хоёр улсын хоорондын Хилийн хяналтын шугамын тухай зөвшилцлийг зөрчсөн хэмээн буруутгаж байгаа аж. БиБиСи агентлагийн сурвалжлагч Жеймс Роббинсийн мэдээлж байгаагаар Ладакх дахь хилийн бүс дээрх зөрчилдөөн маш ноцтой түвшинд хүрчээ. Мягмар гарагийн өглөө Ладакх дахь хилийн бүсэд хоёр улсын цэргүүдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас Энэтхэгийн 20 цэрэг амиа алдсан тухай Энэтхэгийн талаас мэдээлсэн билээ.
Мөргөлдөөний үеэр Хятадын цэргийн албан хаагчдаас нас барсан гэх мэдээлэл ирээгүй ч Хятадын тал Энэтхэгийн цэргүүдийг өнгөрсөн даваа гарагт хилийн шугамыг давж, Хятадын цэргийн албан хаагчид руу дайран өдөөн хатгасны үр дүнд хоёр улсын хилийн цэргийн албан хаагчдын дунд ноцтой мөргөлдөөн үүссэн хэмээн буруутгажээ. Хоёр улсын зүгээс мөргөлдөөний үеэр аль аль тал нь галт зэвсэг ашиглаагүй гэдгээ мэдэгдсэн ба мөргөлдөөний үеэр цэргүүд хэрхэн амиа алдсан нь тодорхойгүй байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар мөргөлдөөний үеэр цэргүүд чулуу, бороохой зэргийг ашиглажээ. Ладакх дахь хоёр улсын Хилийн хяналтын бүсэд олон тооны гол, нуур, уулс элбэг байдагтай холбоотойгоор хоёр улсын хилийн шугам тодорхой бус байдаг.
Үүнтэй холбоотойгоор хоёр улсын хилийн цэргүүд олон удаа зөрчилдөж байсан ч өнгөрсөн долоо хоногуудад байдал улам хурцаджээ. Энэтхэгийн зүгээс БНХАУ-ыг Ладакхийн хилийн бүсэд мянга мянган цэрэг байршуулж, Энэтхэгийн эзэмшлийн 38 кв. км талбай бүхий газар нутгийг хууль бусаар эзэлсэн хэмээн буруутгаж байгаа аж.
Эх сурвалж: BBC