“GOOGLE MAPS” халдвар тархсан бүс нутгуудыг газрын зурагт харуулдаг боллоо
"Alphabet" компани "Google Maps" газрын зурагт "COVID-19" халдвар тархсан орон, бүс нутгуудыг харуулж, сэрэмжлүүлэг өгөх шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ.
Энэхүү үйлчилгээний тусламжтайгаар хүмүүс зорчих гэж буй газраа аюулгүй байгаа эсэхийг урьдчилан харах боломжтой юм. Одоогоор энэхүү системийг АНУ, Их Британи, Аргентин, Австрали, Бельги, Бразил, Колумб, Франц, Энэтхэг, Мексик, Нидерланд, Испани, Тайланд зэрэг улсуудад ашиглах боломжтой болоод байна. Шинэ функцийг "Android" болон "iOS" үйлдлийн системтэй гар утсанд ашиглах бүрэн боломжтой. Мөн хэрэглэгчид галт тэрэгний буудлын ачаалал, автобус болон бусад техник хэрэгслийн цагийн хуваарь, чиглэл, цагийн хязгаарлалтын талаарх мэдээллийг хүлээн авах боломжтой гэв.
"Google" компани орон нутгийн тээврийн агентлагуудаас дэлхийн 131 орны тэрбум гаруй хэрэглэгчдийн гар утасны байршлын сүүлийн саруудын мэдээллийг авч түүндээ дүгнэлт хийж, хүмүүсийг хөл хорионы дүрэм, журмыг дагаж мөрдөж байгаа эсэхийг тодорхойлж, эрүүл мэндийн байгууллагуудад мэдээлдэг байна.
Эх сурвалж: Forbes