Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэхээр хуульчилсан байсан ч Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан билээ. Уг хоригийг УИХ хүлээж авснаар нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг ирэх он хүртэл хойшлуулсан.
Энэ талаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн өмнө нь хэвлэлд “Нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оноос нэмэхээр болж, нэг жил хойшлуулсан. Нэмэхээс өөр аргагүй нөхцөл байдалд байна. Тэтгэврийн сан ойролцоогоор улсын төсвөөс 600 орчим тэрбум төгрөгийн татаас жил бүр авч байгаа. Энэ ганц Монголд биш бүх улс оронд тулгарч буй сорилт. Дэлхийн бүх улс орон ерөнхийдөө тэтгэврийн насаа нэмж, шинэчлэл хийж эхэлсэн. Зарим улс оронд тэтгэврийн сангийн жилийн зардал ДНБ-ий есөн хувьтай тэнцэж байна. Манайх харин харьцангуй гайгүй боловч эрүүл гэж нэрлэхэд хэцүү. Тэгэхээр энэ үед орлого, зарлагыг нь ойртуулах бодлогын өөрчлөлт хийхгүй бол хүндэрнэ” хэмээн ярьж байв.
Тэгвэл нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх эсэхийг энэ сонгуулийн үр дүн шийдэх бөгөөд шинээр байгуулагдсан дараагийн Их хурал, Засгийн газар шийдэх бололтой. Гэхдээ ирэх оны төсөвт нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг тооцсон бөгөөд шимтгэлийн нэмэгдүүлэх хугацааг хойшлуулбал төсөвт алдагдал үүсэх гэнэ.