Судалгаа: Шинэ мянганыхан ядуу амьдарч, богино насална
Америкийн "Blue Cross Blue Shield Association" даатгалын байгууллага АНУ дахь шинэ мянганыхны дунд судалгаа явуулжээ. Энэхүү судалгаанаас харахад тэднийг бүрхэг ирээдүй хүлээж байгаа бололтой. Тодруулбал ирээдүйд шинэ мянганыханд ядуурал, өвчин, богино наслалт гэсэн гурван том аюул тулгарах өндөр магадлалтай гэнэ.
Шинэ мянганыхан буюу 1981-1996 онд төрсөн хүмүүс өмнөх үеийнхэнтэйгээ харьцуулахад илүү бие султай тул наснаасаа эрт хорвоог орхих өндөр магадлалтай болохыг даатгалын компанийн нийтэлсэн 32 хуудас тайланд дурджээ. Тэд бие физиологийн өвчнөөс гадна сэтгэцийн эмгэгт өртөх нь түгээмэл байдаг байна. Жишээ нь цусны даралт ба цусан дахь холестериний түвшин ихсэх өвчнөөс гадна сэтгэлийн хямрал, түгшүүр, Анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг (Attention Deficit Hyperactivity Disorder) гэх зэрэг сэтгэл зүйн эмгэгүүд шинэ мянганыхны дунд өндөр хувийг эзэлдэг гэжээ.
Үүнээс гадна шинэ мянганыхны хар тамхины хэрэглээ 2014-2017 оны хооронд 30% нэмэгдсэн байна. Өмнөх буюу X үеийнхэнтэй (1961-1981) харьцуулахад 30-39 насны шинэ мянганыхан хорт хавдар эсвэл зүрх судасны өвчнөөр таалал төгсөх тохиолдолд бага ч тэд санамсаргүй байдлаар хар тамхи хэтрүүлэн хэрэглэх, амиа хорлох, хүн амины хэргийн золиос болох гэх зэрэг шалтгаануудаас болж үхдэг гэжээ.
Дээрх эмгэгүүд зөвхөн тэдний эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй ажлын бүтээмжид нь ч хамааралтай. Судлаачдын үзэж буйгаар шинэ мянганыхан Америкийн эдийн засагт хамгийн бага хувь нэмрийг оруулсан хүмүүсээр тодрох маш өндөр магадлалтай байгаа гэжээ. Учир нь сэтгэл санааны хямрал нь ажиллах чадварыг бууруулдаг тул тэд ажилгүйчүүдийн эгнээнд нэгдэж, ядууралд өртөх магадлалтай юм байна.
Судалгааны төгсгөлд мэргэжилтнүүд ирээдүйд шинэ мянганыхныг хоёр төрлийн хувь заяа хүлээж байгаа гэж онцолжээ. Тэд нэг бол өөртөө анхаарал тавьж, нөхцөл байдлыг эргүүлж чадна. Харин эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй бол дээр дурдсан үр дагавруудыг амсах магадлалтай гэжээ.
Эх сурвалж: The Conversation