Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон коронавирусын цар тахалтай холбоотойгоор тогтоосон хорио цээрийн дэглэмээ сулрууллаа. Энэ даваа гарагаас эхлэн кафе зоогийн газар, зочид буудлууд онгойж, францчууд Европын бусад улс орнууд руу аялах боломжтой болох гэнэ.
Түүнчлэн иргэд коронавирусын халдварт хамгийн ихээр өртсөн өндөр настны асрамжийн төвүүдэд байгаа гэр бүлийн гишүүдээ эргэж болох аж. Ерөнхийлөгч Э. Макроны мэдэгдсэнээр ахлах сургуулиас бусад сургуулиудын хичээл 6-р сарын 22-ноос эхлэх аж. Тэрээр Франц коронавирусын эсрэг "анхны ялалт" - аа байгуулсан хэдий ч цар тахал эргэн тархах эрсдэл байгааг онцлон, ямар ч тохиолдолд бэлэн байх хэрэгтэйг анхааруулжээ. Францад коронавирусын халдварын улмаас нийт 29 400 гаруй хүн нас барж, халдвар авсан нийт иргэдийн тоо 194 мянгад хүрсэн билээ. Ерөнхийлөгч Э. Макро 3-р сарын 17-ноос эхлэн улс даяар хатуу хөл хорио тогтоосон ба 5-р сарын 11-нээс эхлэн хорио цээрийн дэглэмээ бага багаар сулруулж эхэлсэн юм. Европын холбооны зөвлөлөөс энэ даваа гарагаас эхлэн улс орнуудыг дотоодын хилээ нээхийг уриалсан билээ.
Бельги, Хорват, Швейцарь болон ХБНГУ энэ даваа гарагаас эхлэн хилээ нээж байгаа бол Чех улс хилээ нээсэн ч Бельги, Португал, Швед болон Их Британиас ирж буй иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх хэвээр байх гэнэ. Грек улс Европын улс орнуудаас гадна Австрали, Шинэ Зеланд, Япон болон БНСУ-аас ирж буй иргэдэд нээлттэй гэдгээ мэдэгдээд байна. Итали энэ сарын 3-наас, Польш 13-наас эхлэн хилээ нээсэн бол Испани энэ сарын 21-нээс эхлэн Португалиас бусад Европын улс орнуудын иргэдийг хүлээж авахаа мэдэгдээд байгаа билээ.
Австри энэ сарын 16-наас эхлэн Португал, Испани болон Их Британиас бусад Европын улс орнуудын иргэдийг хүлээж авахаа мэдэгдсэн бол Швед, Люксембург зэрэг улс хилээ огт хаагаагүй билээ. Их газрын Хятадад өнгөрсөн ням гарагт коронавирусын халдвар авсан 49 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр 49 тохиолдлын 39 нь дотооддоо халдвар иргэд бөгөөд 36 нь нийслэл Бээжинд бүртгэгдээд байна.
Эх сурвалж: BBC