Ихэнх амжилттай яваа хүмүүс байнга унших дадалтай байдгийг та бид бүгд мэднэ. Жишээлбэл, 2015 онд Фэйсбук компанийн захирал Марк Цукерберг 7 хоногт 1 ном уншиж байх зорилго тавьж байсныг санаж буй байх.
Хятадын төв номын сангийн гадаа оочерлон зогсож буй залуусын зургийг та олон нийтийн хуудсаар харсан байх. Гэтэл манай Монгол залуусын хувьд дийлэнх нь унших дадлыг өөртөө суулгаагүй байгаа нь ажиглагддаг. Сурахад хэзээ ч оройтдоггүй тул Монгол залуу та ном тогтмол уншиж доорх ашиг тусыг амьдралдаа нээн өөртөө болон эх орондоо үнэ цэнэтэй амьдраарай.
1. Оюуны дасгал
Хүний биеийн бүх булчингуудын адил тархийг эрүүл, хүчтэй байлгахын тулд байнгын дасгал хийж байх ёстой. Ашиглагдахгүй зүйлс үгжирч байдаг бол ашиглагдаж байгаа зүйлс улам цааш хөгжиж байдаг нь хорвоогийн жам юм. Идэвхтэй уншигчид Альцхаймер буюу бидний мэддэгээр зөнөглөх өвчинд нэрвэгдэх магадлал буурдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг.
2. Стресс буурна
Ажил, хичээл ном, гэр бүл, найз нөхдийн харилцаа гээд бидэнд өдөр тутам стрессдэх шалтгаан түм бумаараа бий болж байдаг. Тэгвэл сайн зохиол унших үед та номондоо орж өдөр тутмын амьдралаасаа аль хэдийн хөндийрч зовлон бэрхшээлээ түр мартдаг. Тиймээс ном уншихаа больсон ч таны бэрхшээл - таныг стрессдүүлсэн зүйлийн шалтгаан нь өчүүхэн болохыг ойлгож тайвширсан байдаг байна.
3. Мэдлэг тэлнэ
Ном уншиж байх үедээ бид тодорхой хэмжээний мэдлэгийг тархиндаа хадгалан авч үлдэж байдаг. Та хэр их мэдлэгтэй байна амьдралд тулгарах бэрхшээлүүдийг давах чадвар өснө. Та ажил мэргэжил, мөнгө магадгүй эрүүл мэндээ алдсан ч таны мэдлэгийг хэн ч булааж авахгүй.
4. Үгийн сан баяжина
Ном уншдаг хүмүүс өдөр тутмын яриандаа ч бусдаас илүү олон үгийг ашиглаж илүү өргөн хүрээтэй ярьдаг. Та бид хэдийгээр өөрийн төрөлх хэлээрээ хангалттай ойлголцдог хэдий ч яруу тансаг үг хэллэг ашиглахгүй цөөн тооны үгэн дунд эргэлдэж байдаг. Олон сайхан үг ашиглаж ярьдаг хүмүүсийг бид өөрийн мэдэлгүй хүндэтгэн харилцдаг шүү дээ. Хэр олон тооны үг хэллэг ашиглаж байгаа нь тухайн хүний боловсролын түвшинг илэрхийлдэг бас нэг чухал үзүүлэлтийн нэг байдаг. Мөн гадаад хэл сурч буй хүмүүс ном тогтмол уншсанаар үгийн сан нь баяжиж, үгийг зөв хэрэглэх хэвшил суудаг гэж гадаад хэлний багш нар дүгнэдэг бөгөөд хэл сурч буй залуусыг тухайн хэл дээрх ном зохиол уншиж байхыг зөвлөдөг.
5. Ой тогтоолт сайжирна
Ямар нэг зохиол уншиж байхдаа бид дүрүүдийн зан чанар, амьдралын замнал болон хэрхэн ямар сэжмээр хоорондоо холбогдож буй гэх мэт нарийн төвөгтэй ниваансуудыг нь санаж байх шаардлагатай байдаг. Гайхалтай нь энгийнээр тайлбарлахад бидний тархи шинэ зүйл тогтоох бүрт түүнийг хадгалах шинэ зайг гаргаж өгдөг тул хадгалагдсан мэдээлэл хоорондын дамжих зам богиносч эргүүлэн санах замыг богино болгодог. Тиймээс илүү ихийг ойлгож тогтоох тусам бидний тархи илүү хурдан шуурхай ажилдаг болдог байх нь. Гайхалтай биш гэж үү?
6. Дүгнэлт хийх чадвар сайжирна
Ихэнх зохиолууд дээр гол дүрийн баатар тулгарсан ямар бэрхшээл саадыг давдаг. Энэ нь уншигч бидэнд түүний алдаанаас суралцах, цаашлаад ижил нөхцөл байдал тулгарвал түүнийг хэрхэн даван туулах бэ гэдэг арга замыг зааж өгдөг тул бидний толгойг багагүй ажлуулж дүгнэлт хийх чадваруудыг маань хөгжүүлдэг.
7. Төвлөрөх чадвар сайжирна
Интернэтэд суурилсан технологийн энэ үед бид аливаа зүйлд төвлөрөхөөс илүүтэйгээр гар утсаараа найзтайгаа чатлан, ажлын програмд шаардлагатай өгөгдлийг оруулангаа и-мэйлдээ хариу өгч мөн дээрээс нь вэб хуудсууд шүүн хэрэгтэй мэдээллээ хайж байдаг. Яг л таныг дүрслэн бичиж буй мэт байна уу? Харамсалтай нь энэ төрлийн олон зүйлийг зэрэг амжуулах хүсэл маань биднийг илүү стрессдүүлж, бүтээмжийг маань бууруулж байдаг. Харин ном уншиж байхдаа бид уншиж буй зүйлдээ бүх анхаарлаа төвлөрүүлдэг. Тиймээс ажлаа эхлэхээс өмнө 15-20 минут ном уншиж хэвшснээр тархиа чөлөөлөн ажилдаа илүү төвлөрдөг болохыг судлаачид нотолжээ. Та ч мөн туршаад үзээрэй!
8. Бичих чадвар сайжирна
Ямар ч сайн бичвэрт бусдын ажлаас авсан санаа ордог. Тиймээс хэн илүү их уншина түүний жишээ авч бичих, сэдвээ баяжуулах чадвар дагаад өсдөг болох нь маргаангүй үнэн ажээ.
9. Эрүүл мэндэд тустай
Сэтгэл зүйн хувьд тогтворгүй, огцом ширүүн зантай хүмүүсийг ном уншиж тайвширч байхыг зөвлөдөг. Учир нь хүн номноос өөрийгөө таних, дотоод амар амгаланг олох боломжтой байдаг. Ном унших нь хүний тархийг олон бодлоос чөлөөлж өгдөг тул маш хурдан, бөх сайн унтах нойрны эм болох боломжтой байх нь. Мөн саяхны нэгэн судалгаагаар уншдаг хүмүүс сэтгэл санааны хувьд тогтвортой, залуу байж элдэв өвчин тусах магадлал нь буурдаг тул ном уншдаггүй хүмүүстэй харьцуулахад урт насалдаг нь тогтоогдсон.
10. Бүтээлч болон ургуулан төсөөлөх чадвар өснө
Бид номон дээрх тайлбарласан зураглалаас өөрийн хэзээ ч байж үзээгүй орчинд төсөөллийн ачаараа очиж чаддаг. Ургуулан бодох, төсөөлөх чадварыг ном уншиж байнга хөгжүүлснээр хүний бүтээлч сэтгэхүй хөгждөг болох нь олон судалгааны үр дүнгээс харагджээ.
Эх сурвалж: The Conversation