Гэдэс байнга дүүрэх нь юутай холбоотой вэ?
Гэдэс буюу нарийн гэдэсний хэсэгт боловсорч задарсан хоол тэжээлийн бодисын шим шүүс шимэгдэн цусанд орох бөгөөд энэ нь тасралтгүй үргэлжилнэ. Энэ хэсэгт дээрээс бүрэн боловсроогүй орж ирсэн хоол тэжээлийн үлдэгдэл нь цочроох нөлөө үзүүлэхэд гэдэс хүчтэй мушгирч базалж өвдөх буюу шингэнээр гүйлгэдэг. Энэ байдал байнга давтагдаад байвал гэдэсний өнгөр тогтохоо больж, архаг чанартай гэдэс гүйлгэх өвчин болж, турж эцэн, ядарч сульдах шалтгаан болно
Хоол унд тохирохоо болих нь юутай холбоотой вэ?
Биеийн өвчин эсэргүүцэх чадвар суларч, ходоод гэдэсний замын хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас хоол унд тохирохоо больдог. Энэ үед гэдэс байнга хоржигнон дуугарч, дүүрч, доошоо өмхий унгас гарна
Гэдэс дотор хямрах өөр ямар шалтгаан байдаг вэ?
Гэдэс хямрах бас нэг шалтгаан бол шимэгч хорхойн халдвар юм. Шимэгч хорхой нь ихэвчлэн энэ хэсэгт дэгээгээ шигтгэн соруулаараа хамаг шим тэжээлт бодисыг нь сорж байдаг учир гэдэс шархлах, цус алдах, цус багадах, түгжрэл үүсэх, турж эцэх, гэдэс өвдөх харшлын шинж хавсран гарч болох талтай.
Хоолны хордлого тусах нь гэдэс дотор байнга хямрах шалтгаан болох уу?
Хоолны хурц хордлого нь гэдэс ходоодны дотоод орчинг эрс өөрчилдөг. Энэ үед ялгарсан хорын нөлөөгөөр гэдэс хүчтэй агших, өвдөх эсвэл саажиж мэдээ алдан сул усаар гүйлгэх хүртэл хүндэрч, бие махбод усгүйжин хордлого улам гүнзгийрэх шалтгаан болдог.
Дээрх өвчнүүд гэдэсний архаг шинжтэй өвчний суурь болох магадлалтай юу?
Дээр дурдсан шалтгаанууд нь яваандаа гэдэс байнга дүүрэх, гүйлгэх, байн байн түгжрэх зэрэг архаг шинжтэй өвчний суурь шалтгаан болно. Иймээс хувийн ариун цэврийн дэглэм, хоолны зөв дэглэм нь ажил амьдралын хэв маягаас хамаарч уялдаатай байх нь чухал юм.
Гэдэс байнга дүүрдэг болчихвол яах вэ?
Нэгэнт гэдэс байнга дүүрдэг болсон бол эмчийн хяналтад тууштай эмчлүүлэхээс гадна халуун бүлээн хоол цайгаа цагийн хуваарийн дагуу идэж ууж хэвших хэрэгтэй.
Хоолны дэглэмийн хувьд гэвэл хэт их идэх, ялангуяа хэт их өлсөж байгаад гэнэт их идэхээс зайлсхийх хэрэгтэй.
Ийм үед ямар ямар хүнсний зүйлээс зайлсхийх хэрэгтэй вэ?
Хэт хүйтэн, удаан хадгалж чанараа алдсан хоол хүнс, ислэг ихтэй манжин, байцаа, хүрэн манжин, лууван, хулуу, лийр, ногоон алим, жүрж гэх мэтийн ногоо жимсийг түүхийгээр нь идэх, хүйтэн сүү, хийжүүлсэн ус ундаа уух, гэдэс ходоодоо дааруулах зэргээс байнга зайлсхийж байвал эдгэрэхэд хялбар болно.
Гэдэс байнга дүүрдэг болсон үед ямар хоол хүнснээс болгоомжлох ёстой вэ?
Хавар эрт хонины сүү тараг уух, гэдэсний шинэ шөл уух хэрэгтэй. Мөн ундны ус солигдоход хүртэл хийрхэж хямардаг тул болгоомжтой байхад илүүдэхгүй.
Гэрийн нөхцөлд ямар эмчилгээ, гам хийвэл зохилтой вэ?
Гэрийн нөхцөлд гэдэс, хэвлий, ууц нуруугаа хонины сүүлний тосоор тосолж, бүлээн жин тавих, бүлээн тослог нүнжигтэй хоол унд хэрэглэж, гам дэглэм сайн сахих нь тустай. Гэдэс ходоодны эмгэг өөрчлөлтийг монгол эм тан, уламжлалт төөнө засал, бариа засал, рашаан шавар эмчилгээ, ширгээсэн усаар эмчилж болно.
Эх сурвалж: Unmed