АНУ-ын Чикаго хотод амьдарч байсан 65 настай монгол иргэн коронавирусийн халдвараар нас баржээ. Улмаар тухайн иргэнийг чандарлан оршуулах зардалд туслах, хандивын аян өрнөж эхэлжээ.
Энэ талаар Л.Мөнхтөр гэдэг нэртэй нэгэн монгол иргэн “Чикаго хотноо амьдарч байсан нэгэн монгол эр хүн, хүний сайн хань, хүүхдийн сайхан аав коронагаар өөд болжээ. Юутай харамсалтай вэ.:( Ар гэрийнх нь хүмүүс бас халдвар авсан бөгөөд, хайрт аав, халамжит ханиа алдсан тэд одоог хүртэл энэ аюулт тахалтай тэмцсээр байгаа юм байна. Амь зуух, амьдрах гэдэг өртөг өндөртэй хүний нутагт, үхэх нь бас түүнээс ч дутуугүй төлөөс зардалтай энэ нийгэмд, талийгаачийгаа чандарлан оршуулах зардалдаа тусламж хүсэж, хандив цуглуулж байгаа юм байна.
Элгэн садан монгол ахан дүүс минь элэг эмтэлсэн уй гашуу, зовлон шаналлаас нь хуваалцаж, 5 нь тавдахгүй, 10 нь аравдахгүй, сэтгэлээрээ, боломжоороо хандив өргөж, халуун сэтгэлийн гараа сунгаарай. Өвчин тахал, үхэл зовлон гэдэг хэнийг ч хэдийд ч дайрч мэдэх болзоогүй болохоор жамын өмнө бүгдээрээ сэтгэл зүрх нэг байж, уй гашууд автсан нэгэндээ сэтгэлийн дэм хайрлацгаая. Цаг эргэж, цар тахал арилж, сайн цаг ирэхдээ л ирнэ. Энэ цагийг хамтдаа туулж, тэр цагийг хамтдаа угтацгаая.
Талийгаачийн хань ижил, үр хүүхэд, ах дүүс, амраг саданд нь гүн эмгэнэл илэрхийлье. Мөнх тэнгэртээ амгалан морилох болтугай. Хүндэтгэсэн Л.Мөнхтөр, Лос-Анжелес хот, 2020 оны 6 сарын 11” гэжээ.