Өнгө хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
Судлаачид хүний тархи аливаа нөхцөл байдлыг шүүн тунгаахад өнгө чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн тайлбарладаг аж. Бүр өнгө, сэтгэл хөдлөл, мэдрэмж зэрэг нь төрөлхийн салшгүй холбоотой байдаг гэдэгт сэтгэл судлаачид итгэдэг. Тийм учраас та бүхэнд өнгө хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг тухай хүргэе.
Улаан
Улаан өнгө бол тархинд аюул, айдсыг илэрхийлэх хамгийн анхны дохио юм. Мөн дур булаам байдал, сэтгэл татах чадварыг нэмэгдүүлэхээс гадна улаан өнгө нь хүний аливаад хариу үйлдэл үзүүлэх хурд, хүчийг өдөөдөг аж.
Рошестерийн их сургуулийн эрдэмтэн судлаачид хүн улаан өнгө хармагц сэтгэл хөдлөл нь огцом болж байгааг анзаарсан байна. Мэдээж тухайн нөхцөл байдлаас шалтгаалан тухайн сэтгэл хөдлөл нь эерэг болон сөрөг байна.
Улбар шар
Улбар шар бол туйлын сонирхолтой өнгө. Хүний тархинд маш олон янзын нөлөөлөл үзүүлж чаддаг.
Нэн түрүүнд, улбар өнгө халуун дулаан сэтгэгдэл төрүүлдэг. Өрөөний ханыг улбар өнгөөр будсан байхад бид байгаа хэмжээнээс илүү халууныг тэр өрөөнөөс мэдэрдэг. Улбар шар өнгө харсан хүнд өрөөний хэм байгаагаасаа илүү дулаан санагддаг гэнэ. Дулаан орчинд хүний булчин суларч, амардаг. Тиймээс амралтын өрөөг улбар өнгөөр тохижуулах нь өндөр үр дүнтэй байдгийг эрдэмтэд 1979 онд тогтоожээ.
Түүнчлэн улбар өнгө үнэ цэнийг илтгэнэ. Тухайлбал, улбар шар хаягтай дэлгүүр хэрэглэгчдэд хямд үнэ, сайн чанар түгээдэг мэт сэтгэгдэл төрүүлдэг аж.
Улаан өнгөтэй төстэй нь, улбар өнгө ч бас аюулын дохиог илтгэнэ. Ялгаатай нь гэвэл улаан өнгө амь дүйсэн, яаралтай аюулыг анхааруулдаг бол улбар шар нь алгуурхан, аажим тулгарч болох аюулыг илтгэдэг юм.
Шар
Шар өнгө нь баяр баясгалан, нээлттэй, ил тод бас нөхөрсөг байдлын тэмдэг. Өнгө судлаачид шар өнгийг “хамгийн хүчирхэг өнгө” гэж тодорхойлдог. Шар өнгө харсан хүнмий тархинд шууд аз жаргалын мэдрэмж төрдөг ажээ. Тиймээс хошин шог, итгэл найдвар, өөдрөг бүхнийг шараар илэрхийлдэг байна.
Ногоон
Ногоон өнгөний тухай бодоход хамгийн түрүүнд байгаль дэлхий санаанд буудаг.
Тиймээс ч ногоон өнгө бүтээлч чанарыг дээшлүүлдэг гэж сэтгэл судлаачид тайлбарладаг. Түүнчлэн аливаа асуудлыг бүх талаас нь цогцоор бодож төлөвлөх, нарийн нямбай тооцоолох чадварыг өдөөж, төвлөрөхөд тусалдаг байна.
Ажлын байрыг ногоон өнгөөр тохижуулах нь ажлын бүтээмжийг ихэсгэдэг гэнэ.
Цэнхэр
Тайван амгаланг илэрхийлдэг цэнхэр өнгө нь улааны яг эсрэг утгатай гэж болно. Мөн цэнхэр нь улаанаас гадна хамгийн их судлагдсан өнгө юм. Цайвар цэнхэр өнгө нь цусны даралтыг бууруулахад нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Тиймээс ч эмч, сувилагч нар голдуу цэнхэр хувцастай байдаг. Дийлэнх эмнэлгийн хана цэнхэр өнгөтэй байдаг нь ч үүнтэй холбоотой.
Хөх
Цайвар цэнхэртэй төстэй нөлөө үзүүлж мэдрэлийн эсийг тайвшруулдаг. Дээр нь элдэв таагүй санаа бодлоос ангижруулахад тусалдаг болохыг олон судалгаа тогтоосон. Тиймээс өнгөний нөлөөллийг үр дүнтэй байдлаар ашиглахаар Японд туршиж байжээ.
Уг туршилтын хүрээнд гэмт хэрэг, амиа хорлолт ихээр гардаг нэгэн дүүргийн метроны буудлуудад хөх гэрэл суурилуулсан байна. Энэхүү туршилт нь үр дүнгээ өгч, хөх гэрэлтэй метроны буудлуудад амиа хорлохыг завдсан тохиолдол гарсангүй, бас гэмт хэрэг есөн хувиар буурсан гэнэ.
Энэ аргыг Лондонд ч мөн туршиж, голын ус руу үсэрч, амиа хорлох явдлыг багасгахын тулд гүүрнүүдийг хөх өнгөөр будаж эхэлсэн гэнэ.
Нил ягаан
Энэ бол тайлбарлахад мөш хэцүү өнгө. Хүнд хэрхэн нөлөөлдөг талаас нь тайлбарлавал цэнхэр ба улаан өнгөний холимог гэж болно. Гэхдээ нил ягаан өнгөний тухай тийм ч олон судалгаа байдаггүй.
Улбар өнгө халуун дулаан мэдрэмж төрүүлдэг бол нил ягаан өнгө эсрэгээрээ хүйтэн мэдрэмж төрүүлдэг.
Шалтгаан нь тодорхойгүй ч эмэгтэйчүүдийн хамгийн дуртай өнгө нил ягаан юм. Гэтэл эсрэгээрээ эрчүүдийн хамгийн дургүй өнгө нил ягаан байх нь элбэг ажээ.
Ягаан
Мөн эмэгтэйчүүдийн дуртай өнгө. Харин орчин үед бол эрчүүдийн хувцас ч ягаан өнгөтэй байх нь элбэг болсон. Хүний зан авирт шууд нөлөөлж чаддаг учраас сэтгэл судлаачдын дунд “ягаан шорон” гэх хэллэг ч бий.
1979 онд хийгдсэн судалгаагаар шоронгийн хоригдлуудыг ягаан ханатай өрөөнд хориход тэд идэвхгүй болж, булчин нь суларч байжээ. Тэдний бухимдал, сэтгэл зүйн дарамт ч буурсан байна. Харин өнөөдөр Швейцарийн шоронгуудын 20 хувь нь дуулгаваргүй ялтнуудад зориулсан тусгай ягаан өрөөтэй байдаг аж.
Сэтгэл судлаачид мөн ягаан өнгөний тайвшруулах чадвар хүүхдэд хэрхэн нөлөөлдгийг судалжээ. АНУ-ын Калифорни мужийн Сан Бернардиньо дахь цэцэрлэгт ягаан өрөөг туршиж үзсэн байна. Гэтэл уйлж, орилж, чарлаж, хашхичиж байсан хүүхдүүд ягаан өрөөнд ороод ердөө 10 минут өнгөрөхөд л тайвширсан байна.
Цагаан
Цагаан өнгө нь цэвэр ариун байдлыг илтгэнэ. Түүнчлэн уйтгартай, гунигт бодолд хөтөлдөг.
Цагаан өнгөнд эмэгтэйчүүд гэхээсээ илүү эрчүүд татагддаг нь сонирхолтой.
2010 онд хийгдсэн судалгаагаар улаан өнгийн даашинз болон цагаан өнгийн даашинзтай бүсгүйн зургаас нэгийг сонго гэсэнд 10 эрэгтэй тутмын 7 нь цагаан даашинзтайг сонгосон байдаг.
Хар
Олон бодол толгойд нь эргэлдсэн, шилжилтийн үедээ яваа өсвөр насныхан хар хувцасны цаана бүх асуудлаа “нуудаг”. Бага байхдаа хар өнгөнөөс айдаг байсан хүүхдүүд насанд хүрмэгцээ туранхай харагдана гэх шалтгаанаар хар хувцас сонгох нь элбэг. Яагаад хар өнгө тийм хүмүүсийг татдаг юм бол?
Хамгийн хачирхалтай нь хар өнгө хүнийг маш идэвхтэй хэрнээ төв болгодог байна. Тиймээс сэтгэл санаа тогтворгүй байгаа хүмүүс хар өнгөөр өөрийгөө хүрээлдэг гэнэ.
Түүнчлэн хар, цагаан зураг, дүрс бүхий сурталчилгаа хүнд илүү хүрдгийг олон судалгаа тогтоожээ.
Эх сурвалж: The Conversaion