Нэр дэвшигчийн талаар худал мэдээлэл тараасан иргэнийг 5 сая төгрөгөөр торгоно
Сонгуулийн санал авах өдөр ойртож байгаатай холбогдуулан зарим нэр дэвшигчийн талаар худал ташаа мэдээлэл цахим орчинд их тархах болжээ. Тэгвэл энэ төрлийн хэрэгт оноох шийтгэл байдаг гэдгийг иргэн та санаарай.
Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл, аливаа нэр дэвшигчийн нэр төрд халдан худал ташаа мэдээлэл тараасан иргэнийг таван сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох юм байна.
Иймд иргэд, нэр дэвшигчид, улс төрийн нам эвслээс сонгуулийн сурталчилгаа явуулахдаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг зайлшгүй судалж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг уриалж байна.