Үндэсний Их баяр наадам улс даяар 7 дугаар сарын 11, 12-нд нэгэн зэрэг болно
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний Их баяр наадмыг 2020 оны 7 дугаар сарын 11, 12-нд нийслэлд болон бүх аймагт нэгэн зэрэг зохион байгуулна.
Дэлхийн дахиныг түгшээсэн коронавирусний халдварын улмаас олон улсын болон улс үндэстний спортын наадам, тэмцээн, уралдаан, урлаг соёлын бүхий л үйл ажиллагаа хумигдаж, иргэдийг нэг дор олноор байлгахаас аль болох зайлсхийж байгаа.
Иймээс ч Үндэсний Их баяр наадмыг Зохион байгуулах хорооноос энэ жилийн баяр наадмаа улс даяар адилхан цаг хугацаанд зохион байгуулж, улсын наадамд 512, аймгийн наадамд 128, сумын наадамд 64 бөх барилдуулахаар шийдвэрлэжээ.
Аймгийн баяр наадмын бөхийн барилдааныг зохион байгуулах салбар хорооны жаяг дэгийн багт ажиллах гарын даа нартай хийх цахим сургалт 2020 оны 6 дугаар сарын 15-нд болох юм.
Улсын баяр наадмын хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур, шагайн харвааг онлайнаар үзүүлснээр коронавирусний халдварын энэ хүнд үед медиа контентууд нь түүх болж үлдэх боломж бүрдэх юм байна. Баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ гаргахгүй бөгөөд онлайн хэлбэрээр радио, телевизийн сувгаар баяр наадмаа үзэхээр зохион байгуулна.
Энэ жилийн үндэсний Их баяр наадмыг хэрхэн зохион байгуулах талаар Үндэсний баяр наадмыг Зохион байгуулах хороо ирэх 7 хоногт хуралдаж албан ёсоор зарлах юм байна.
Бөхийн барилдааныг цахимаар наадамчин олон түмэндээ хүргэх болсонтой холбогдуулж Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, орон нутгийн үндэсний бөхийн холбоодод зөвлөмж хүргүүлжээ.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг