БНХАУ олон улстай хамтарч коронавирусын вакцины туршилт хийнэ
Хятадын Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Жиган БНХАУ КОВИД-19 өвчний эсрэг вакцины клиникийн туршилтаа олон улстай хамтарч хийнэ гэдгийг мэдэгдлээ.
Хятадын Ухань хотод анх бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусын халдварын эсрэг вакцин гаргаж авах ажилд БНХАУ-ын зүгээс маш их хичээл зүтгэл гаргаж байгаа ба Хятадын эрдэмтэд КОВИД-19 өвчний эсрэг вакцины клиникийн 5 туршилт явуулж байгаа болохыг ДЭМБ-аас мэдээлжээ. Өнгөрсөн сард болсон Дэлхий Эрүүл Мэндийн чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин Хятадын туршиж буй коронавирусын эсрэг вакцин бэлэн болсон цагт уг вакцин нь "дэлхий нийтэд хүртээмжтэй" болно гэдгийг мэдэгдсэн юм.
Тэрээр вакциныг хөгжиж буй улс орнуудын иргэдэд хүргэх нь Хятадын олон улсад үзүүлж хувь нэмэр болно гэсэн юм. Вакцин гаргаж авах нь шинэ төрлийн коронавирусын цар тахлыг давах гол стратеги хэвээр байгааг Ван Жиган Бээжинд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр онцолжээ. Түүний хэлж байгаагаар вакцин гаргаж авах ажил нь маш хэцүү бөгөөд маш их хугацаа шаардсан ажил аж. Хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын засгийн газраас гаргасан мэдэгдэлд дэлхийн улс орнууд КОВИД-19 өвчний эсрэг хамтдаа тэмцэж, коронавирусын халдварыг улс төржүүлж, бие бие рүүгээ чичлэхээс зайлсхийх хэрэгтэй гэдгийг онцолсон байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ыг коронавирусын халдварыг нуун дарагдуулж, уг халдварын тухай ил тод мэдээлээгүй хэмээн удаа дараа буруутгасан билээ. Хятадын зүгээс үүний хариуд коронавирусын халдвар анх гарсан цагаас хойш ДЭМБ-тай холбоотой байж, ил тод нээлттэй байсан гэдгээ мэдэгдсэн юм. Хятадын Өвчнийг хянах, Өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн удирдлагууд үүсгэгч нь үл мэдэгдэх өвчний талаар АНУ-д 1-р сарын 4-нд утсаар мэдэгдсэн гэдгийг ч онцолжээ.
Ням гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ коронавирусын халдвар авсан иргэдийн эмчилгээнд нийт 1.35 тэрбум юань буюу 191 сая ам.доллар зарцуулсан гэдгээ мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Си Жиньпин ирэх 2 жилд БНХАУ КОВИД-19 өвчинтэй тэмцэхэд 2 тэрбум ам. доллар зориулна гэдгийг мэдэгдсэн ба хөгжиж буй улс орнуудад коронавирусын эсрэг тэмцэхэд нь тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгийг онцолсон юм.
Эх сурвалж: REUTERS