- Эрт үеэс оточ, маарамба лам нарыг найман наснаас нь эхлэн 20-иод жил бэлтгэж, шалгалт авч эмчлэх эрх олгохдоо эмийн манхаг өгдөг байжээ
(Мэдээ байдаг нь үүнийг гэрчилж байна. Эрт үеэс оточ, маарамба лам нарыг найман наснаас нь эхлэн 20-иод жил бэлтгэж, шалгалт авч эмчлэх эрх олгохдоо эмийн манхаг өгдөг байжээ)
Археологчид Хэнтий аймгийн нутгаас эртний монгол отчийн эм тан бүхий эмийн уут олсон байна. Түүхчид үүнийг Хубилай Сэцэн хааны үеийн эд хэрэгсэл хэмээн үзэж буй бөгөөд энэхүү түүхийн олдворыг Хэнтий аймгийн музейн сан хөмрөгт хадгалжээ. Дотроо 20 ширхэг янз бүрийн хэмжээтэй арьсан болон савхин ууттай отчийн манхаг (эмийн уут) нь төмөр, зэс, гуулиар хийсэн таван ширхэг тунгийн халбагатай аж. Халбаганы урт нь 14.9-21.9 см ба арьсан уутнуудад төрөл бүрийн эм, тан хийж амсрыг нь сураар хумьж боосон бөгөөд уутны амсар нь ясан болон төвөд бичигтэй модон пайзтай байжээ. Уг төвөд бичээсүүдийг тухайн тангийн нэр байх магадлалтай хэмээн судлаачид үзэж буй. Оточ нар манхаг дотроо эм, тан, тунгийн халбага, төөнүүрийн хэрэгсэл зэрэг эмчилгээнд хэрэглэгдэх багаж хэрэгслээ авч явдаг байжээ. Монголчууд эрс тэс уур амьсгал, жилийн дөрвөн улиралд тааруулан уламжлалт эмчилгээний арга барилыг зохиож өдгөөг хүртэл хэрэглэсээр иржээ. 1261 онд Хубилай Сэцэн хаан монгол отчийн сургууль байгуулсан тухай мэдээ байдаг нь үүнийг гэрчилж байна. Эрт үеэс оточ, маарамба лам нарыг найман наснаас нь эхлэн 20-иод жил бэлтгэж, шалгалт авч эмчлэх эрх олгохдоо эмийн манхаг өгдөг байжээ. Ингэхдээ зургаа, долоон наснаас нь судас барих эрдэм зааж, 10-20 нас хүртэл нь эрүүл хүний судас бариулж, эрүүл судас таньж мэддэг болсных нь дараа өвчтэй хүний судас бариулах зэргээр харьцуулан шинжлэх, мөн эмийн ургамал таних, эм найруулах, хатгуур төөнүүр хийх эрдэм ухааныг зааж сургаж байсан түүх бий. Тэр үед манхаг буюу эмийн уут нь нэг төрлийн диплом болдог бөгөөд хийсэн материалаар нь эмчийн зэрэг дэвийг мэдэж болно. Цол зэрэг нь маарамба, аграмба гээд шат шатаар ахидаг ба таван ухаанд нэвтэрсэн хүнд “Бандида” цолыг олгодог байжээ.
Эх сурвалж: zgm.mn