Их, дээд сургуульд элсэх эрх олгох бүртгэл эхэлжээ. Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгөхөөр бүртгүүлсэн хичээлийнхээ дагуу ямар сургуульд суралцахаа эхлээд баталгаажуулна гэсэн үг. Улсын болон хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль, коллеж өнөө жилийн элсэлтээ цахимаар зохион байгуулж буй тул төгсөгчид сонгосон сургуулийнхаа албан ёсны сайт руу нэвтэрч, бүртгүүлээрэй. Ингэхдээ элсэгчид Боловсролын үнэлгээний төвийн батламжтай буюу ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн дугаар, нууц үгийг ашиглан нэвтрэх юм. Үүний дараа тухайн төгсөгчийн шалгалт өгөх хичээлээс хамааран сонгох боломжтой мэргэжлийн чиглэлүүдийг автоматаар харуулж, хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлж болох аж. Цөөнгүй сургууль элсэлтийн бүртгэлийн хураамж авахгүй байгаа бол зарим нь 9-20 мянган төгрөгөөр тухайн хөтөлбөрийг сонгохыг санал болгожээ.
БСШУС-ын сайдын А/195 дугаар тушаалаар 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх босго оноог 480-аар тогтоосон. Хувийн их, дээд сургууль, коллежид элсэх бол уг оноо 410, орон нутагт 400 байхаар болсон юм. Үүний дагуу ЭЕШ-ыг зохион байгуулсны дараа их, дээд сургуулиуд элсэгчдийн шалгалтын оноог татан авах аж. Энэ жилээс сургуулиуд оюутан шалгаруулж авахдаа тэнцсэн суралцагчдын оноог цахимаар жагсаах болсон. Тиймээс элсэгчид тэнцсэн, үгүйгээ мэдсэнийхээ дараа мэргэжлээ сонгон, бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай.
Хэрэв заасан хугацаанд бүртгүүлээгүй бол тухайн хөтөлбөрт тэнцсэн байлаа ч дараагийн хүүхдэд хуваарийг нь шилжүүлэх юм байна. Олонх сургууль суралцах гэрээ байгуулах хугацааг наймдугаар сарын 10-30-нд зохион байгуулах гэнэ. Хамгийн олон оюутан элсүүлдэг таван их сургуулийн элсэлтийн бүртгэлийн хугацаа, цахим хаягийг хүснэгтэд харуулав.