Алтанбулагийн боомтоор орж ирсэн 2 оюутнаас 10 хоногийн дараа коронавирус илэрлээ
ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “Өнгөрсөн 24 цагт Монгол улс даяар нийт 255 хүнд шинжилгээ хийхэд 253 хүнд коронавирусийн шинэ тохиолдол илрээгүй.
Харин Алтанбулагийн боомтоор орж ирсэн 2 оюутнаас 10 хоногийн дараа коронавирус илэрлээ.
Мөн өнөөдөр нэг оюутан эдгэрч ХӨСҮТ-ээс гарч дараагийн шатлалын сувилал руу шилжлээ. Энэ оюутан 22 настай, 23 хоног эмчлэгдээд гарлаа.
Ингэснээр Монгол Улсад халдварын тохиолдол 193 боллоо. 71 хүн эдгэрч гарсан байна. Биеийн байдлын хувьд 108 хүн хөнгөн хэлбэртэй байна” гэв.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр хүн амыг маск зүүхийг уриалж өмнөх зөвлөмжөө өөрчилж байгааг Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээллээ.
Маск зүүх нь бүрэн хамгаалалт болохгүй ч тодорхой үр дүнтэй байгааг ДЭМБ-аас анхааруулж хүн олноор цугласан газраар явахдаа иргэдийг зайлшгүй маск зүүх шаардлагатайг онцолсон байна. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын бүх ажилтан маск зүүхийг зөвлөжээ.
Гэхдээ маск зүүсэн ч гараа тогтмол угаах, бусдаас зай барих дэглэмээ үргэлжүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэйг иргэдэд сануулсан байна.