Жорж Флойдыг хөнөөсөн цагдаад 40 жилийн ял оноож магадгүй
Америк орон даяар арьс өнгө, гарал үүслээр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг дэгдээд байгаа нийгмийн эсэргүүцлийн хөдөлгөөн өнгөрсөн сарын 28-наас хойш өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Жагсагчид өнгөт арьст иргэн Жорж Флойдын аминд халдсан цагдаа нарыг хуулийн дагуу хатуу шүүж, хариуцлага үүрүүлэхийг хүсч байгаа юм.
Миннесота мужийн прокурорын алба энэ хэргийн гол буруутан болох цагдаагийн ажилтан асан Дерек Шовин болон түүний 3 хамтрагчийн эсрэг хавтаст хэрэг нээн, мөрдөн шалгаж байна.
Зохион байгуулалттайгаар бусдын аминд санаатай халдсан хэрэг нь батлагдвал цагдаагийн экс ажилтнуудад 40 жил хүртэл хорих ял оноож болзошгүй юм.
Афро-Америк гаралтай Жорж Флойдын аминд халдсан гэж тооцогдоод байгаа цагдаагийн ажилтан асан Дерек Шовин, мөн түүний 3 хамтрагчид прокуророос бусдын аминд санаатай халдсан хэргээр хамгийн хатуу зүйлчлэл бүхий хэрэг тулгажээ.
Эх сурвалж: CNN