Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах шинэ хууль ямар нөлөө үзүүлэх вэ?
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар (БХАТИХ) Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийг хэлэлцэн баталсан байна. 1997 онд Хонконг Хятадад эргэн нэгдсэнээс хойш хамгийн өргөн хэмжээний эсэргүүцлийн арга хэмжээ өнгөрсөн жил өрнөж, ардчиллыг дэмжигч хэдэн мянган залуус эх газрын бодлогыг эсэргүүцэн тэмцсэн юм.
Үүнээс шалтгаалан Бээжингийн зүгээс засаг захиргааны онцгой бүсэд зориулсан аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоохыг эрмэлзэх болсон. Өчигдөр БХАТИХ-ын Тэргүүлэгчдээс уг хуулийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, зарим улс орны зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч эхэллээ.
Энэхүү шинэ хуулийн дагуу БНХАУ-ын хууль хүчний байгууллагууд Хонконгт Бээжингийн хуулиар ажиллах эрхтэй болж байгаа юм. Үүний дагуу Хонгконгчууд гадаадад зорчих эрхээ хасуулах, олон нийтийн сүлжээнд орох эрхээ алдах, баривчлуулах, эрүү шүүлтэд орох аюултай тулгараад байгаа юм.
Хятадын Засгийн Газар хүмүүсийг "салан тусгаарлагч", "алан хядагч", "хэт даврагч" хэмээн нэр зүүлгэн хэлмэгдүүлдэг болохыг Хонконгчууд сайн мэднэ.
Харин Хятадын зүгээс гадаадын улс орнууд Хонконгийг ашиглан улс орны нэгдмэл байдлыг хагалан бутаргах, засгийн эрхийг унагаах, террорист ажиллагааг зохион байгуулалттай хэрэгжүүлэхийн эсрэг шийдвэртэй тэмцэнэ гээд засаг захиргааны онцгой бүсэд үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах хуулийн тогтолцоо болон хэрэгжилтийн механизмыг сайжруулахаа мэдэгджээ. Мөн Хонконг бол БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс, БНХАУ-ын Ардын Засгийн газрын шууд харьяат орон нутгийн засаг захиргааны нэгж учир үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль батлах асуудал нь Хятад улсын дотоод хэрэг бөгөөд аль ч гаднын орон оролцох эрхгүй гэдгийг онцолсон байна.
Эх сурвалж: aljazeera.com