Энэтхэг, Хятадын удирдагчид "гуравдагч тал"-ын оролцоо шаардлагагүй гэж мэдэгджээ
Хятад улс Энэтхэгтэй хийж буй сөргөлдөөнийг шийдвэрлэхийн тулд "гуравдагч тал"-ын оролцоо шаардлагагүй гэж цохон тэмдэглэв.
Тус 2 орон нь хил хязгаарын маргаантай байгаа юм. Тавдугаар сарын 26-ны өдөр Гималайн нуруудын ойролцоох хилийн зурвасыг Хятадын 10,000 гаруй цэрэг давсан бөгөөд үүний хариуд Энэтхэгийн тал 15,000 цэрэг тухайн бүс нутагт байршуулсан билээ.
Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицян Бээжинд хийсэн хэвлэлийн бага хурал дээр "Хилийн асуудлаарх Хятад улсын байр суурь маш тодорхой байгаа учраас ямарваа нэгэн зөвшилцлийг чин сэтгэлээсээ хийнэ. Хятад, Энэтхэг улсын хилийн цэргүүд бүх төрлийн сувгаар холбогдсон. Бид асуудлыг яриа хэлэлцээ, хэлэлцээрээр шийдвэрлэх бүрэн боломжтой" хэмээн мэдэгдсэн байна.
Мөн мягмар гарагт Ерөнхий сайд Нарендра Моди ба АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар хоорондоо утсаар холбогдон ярилцсан байна.
Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн долоо хоногт "Энэтхэг, Хятадын хэлэлцээрт АНУ-ын тал зуучлагч, арбитрын үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаа" гэж "Твиттер" хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Харин Энэтхэг, Хятад хоёул Дональд Трампын зуучлалын саналаас татгалзсан байна.
"Бид Хятад, Энэтхэг хоорондын холбогдох гэрээг чандлан дагаж мөрдөж, үндэсний нутаг дэвсгэр, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангаж, хилийн бүсэд энх тайван, тогтвортой байдлыг сахин биелүүлэх болно" гэж ноён Жао хэлжээ.
Хамгийн сүүлд 2017 онд Энэтхэгийн баруун хойд Ладак мужийн хил дээр хоёр талын цэргүүд бага зэргийн мөргөлдөөн үүсгэж 100 гаран цэрэг шархадсан билээ. Тухайн онд Бутаны Доклам мужийн нутагт ойр хил дээр Хятадын цэргүүд авто замын ажил эхлүүлснийг зогсоохоор Энэтхэгийн тал цэрэг илгээж байсан юм.
Эх сурвалж: ndtv.com