5 сарын 25-ны өдөр цагаан арьст цагдаагийн гарт амиа алдсан Жорж Флойдын хэрэг Америк даяар хүмүүсийн уурийг хүргэж, жагсаал цуглаан эхлүүлсэн билээ.
Флойдын хүзүүн дээр 9 минут өвдөглөсөн цагдаа болох Дерек Чаувинг 2 болон 3-р зэргийн хүн амины хэргээр ялласан ба хажууд нь байсан гурван цагдааг 2-р зэргийн хүн амины хэргийн хам хэрэгтэн ба аллагад тусалсан гэсэн ял оноожээ.
Хэргийн газарт байсан Чаувин болон бусад гурван цагдааг ажлаас нь халсан бөгөөд АНУ-ын Хууль Зүйн Яам нь уг хэргийг мөрдсөөр байна.
Александр Күэнг, Тоу Тао болон Томас Лейн нар нь өчигдөр Жорж Флойдын аллагад хамсаатнаар яллагдан Хеннепин мужийн шоронд хоригдохоор болсон юм. Тэдний зураг өчигдөр орой олон нийтэд цацагдсан байна.
Хеннепин мужийн шоронгийн бүртгэлээс үзэхэд Лейн, Тао болон Күэнг нар Пүрэв гарагийн үдээс хойш шүүхэд дуудагдсан байна. Чаувин нь өмнө долоо хоногт хүн амины хэргээр яллагдсанаас хойш түр саатуулах байранд хоригдож байгаа юм.
Жагсаал цуглааны байдал
Оройны 8 цагаас үүрийн 5 цаг хүртэл гудамжаар явахыг хориглосон тушаал 3 хоногийн өмнө Нью Йоркод гарсан боловч одоо болтол хүмүүс жагссаар л байна.
Жагсаж байгаа хүмүүсийн тоо ихэссэн эсэх нь тодорхойгүй байгаа ба орой харанхуй болоход олон нийт болон хувийн эзэмшлийг сүйтгэн шатаах, хулгайн хэргүүд гарсаар байна.
Мягмараас Лхагва гарагт шилжих шөнө 280 хүнийг хөл хориог зөрчсөн, хулгайн хэрэг үйлдсэн гэж сэжиглэн баривчилсан гэж албаныхан мэдээлжээ.
Эх сурвалж: ABC News