Тамхи агуулсан вакцин
Дэлхий даяар бүх лабораториуд аль болох хурдан коронавирусын эсрэг вакцин гаргахаар ажиллаж байна. Тэдэнд зөвхөн эмийн найрлага бус мөн маш хурдацтай бүх нийтийн үйлдвэрлэл хэрэгтэй байгаа юм. Үүнд туслалцаа үзүүлж буй гол орц нь ургамал, тэр тусмаа тамхи буюу табак. Эрдэмтдийн үзэж буйгаар уг ургамлын төрөл нь коронавирус зэрэг өвчний эсрэг биет болж чадах аж.
Европын "NEWCOTIANA" төсөл нь олон улсын эрдэмтдийн багийг нэгтгэсэн бөгөөд тэдний хүчин чармайлтыг Испанийн Валенсиа дахь Молекул, эсийн ургамлын биологийн хүрээлэн зохицуулж байна.
Эрдэмтдийн үүрэг бол молекулын аж ахуй эрхлэх үндэс болж боломжтой ургамлын төрлийг үржүүлэх, өөрөөр хэлбэл эм үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай уураг үйлдвэрлэх явдал юм.
Мэргэжилтнүүд гол найдлагаа Австралийн тамхитай холбож байгаа аж.
Биологич Диего Орзасийн үзэж буйгаар: "Бидний хэрэглэдэг олон эм ургамлын гаралтай. Биотехнологийн ачаар бид ургамлын шинж чанарыг өөрчилж чаддаг. Үүний тулд бид шаардлагатай мэдээллийг агуулсан генетик материалыг нэмж генийг өөрчилж эхэлдэг".
Австралийн тамхи бол ойролцоогоор 750 мянган жилийн өмнө Австралийн баруун хойд хэсэгт үүссэн эртний ургамал юм. Энэ хугацаанд хүрээлэн буй орчинд янз бүрийн өөрчлөлтүүд гарсан ч ургамал өөрөө өөрчлөгдөөгүй нь анхаарал татаж байгаа. Хурдан нөхөн үржих чадвар нь энэхүү ургамлыг өвөрмөц болгож байгаа хүчин зүйл юм.
Генийн өөрчлөлтийн ачаар эрдэмтэд тамхины навчнаас Эбола вирусийн эсрэг биет олж авч чадсан.
Биологич Марта Вазкез хэлэхдээ: "Бид ургамал тариалж, биологийн үзүүлэлтүүдийг генийн өөрчлөлтөөр өөрчлөх зааварчилга өгдөг. Жишээлбэл, бид тамхийг дэлгэрүүлэх биш харин байж болох хамгийн их хэмжээгээр нь биомасс үйлдвэрлэхийг хүсэж байна. Энэ бол бидний зорилго".
Тамхины навчинд нэвтрэн орсон вирусийн антиген нь тэдгээрийг эсрэг бие үйлдвэрлэхэд түлхэц өгдөг. Энэхүү үйл явц нь Ковидын эсрэг ирээдүйн вакцины үндэс суурь болж чадна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Төсөлд оролцсон Жон Иннесийн төвийн вирус судлаачийн үзэж байгаагаар энэхүү арга нь олон давуу талтай (материалын өртөг бага, массын үйлдвэрлэлийг хурдан хугацаанд бий болгох, судлаачдын эрсдэлийг хязгаарлах чадвартай).
"Ургамал бол эрдэмтдийн жинхэнэ холбоотнууд бөгөөд вирусийн уураг, нуклеин хүчлийг эрдэмтэд эмгэг төрүүлэгч вирусийн шууд холбоо үүсгэлгүйгээр идэвхжүүлэх боломжийг олгодог. Биотехнологийг ашигласнаар бид байгалийн гаралтай вирустэй ажиллахаас зайлсхийж вирусийн тоосонцор үүсгэж чадна" гэж Жорж Ломонософф хэлэв.
Генийн өөрчлөлтийн тусламжтайгаар Австралийн тамхи нь хүний биед вирустэй тэмцэхдээ боловсруулдагтай төстэй уургийг бий болгож эхэлдэг аж.
Шинэ Технологи, Эрчим хүч, Тогтвортой хөгжлийн үндэсний агентлагийн итали профессор Жованни Жиулианий сануулж байгаагаар өнөөдөр энэхүү үйл явцад бүр ч их компаниуд анхаарал хандуулах болсон: "Өнөөдөр дэлхий дээр 100 гаруй лабораторид коронавирусийн эсрэг вакцин гаргаж авахаар ажиллаж байна. Зарим лабораториуд, хувийн компаниуд гол орцоороо Австралийн тамхийг сонгож байгаа. Бид геномоор нь амжилттай дараалуулж чадлаа; энэ нь судлаачдад ургамлын чадамжийг оновчлох, үйлдвэрлэл эрхлэх боломжийг олгож байна."
Цар тахлын эсрэг тэмцлийг хурдасгахын тулд эрдэмтэд коронавирусын вакцины чиглэлээр ажилладаг бүх компанид ургамлын геномын генетикийн зургийг өгсөн байна.
Эх сурвалж: ru.euronews.com