Америкийн жагсагчид гэмгүй хүмүүсийн эсрэг хүчирхийлэл, дээрэм тонуул үйлдсээр байна /бичлэг/
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Миннеаполис хотын цагдаагийн албан хаагч Дерек Човин 46 настай Жорж Флоидыг баривчлах явцдаа амийг нь хөнөөснөөс үүдэн тус орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн, хүчирхийлэл, галдан шатаалт, дээрэм тонуул газар аваад байна.
Өчигдөр Нью-Йорк мужийн Рочестер хотод өөрийн дэлгүүрээ тонуулчдаас хамгаалахыг оролдсон цагаан арьст эхнэр нөхөр хоёрыг бүлэг залуус зэрлэгээр зодож буйг харуулсан бичлэг цахим орчинд шуугиан тарьжээ.
Эсэргүүцлийн ажиллагаанд оролцож байсан тэдгээр залуус ойролцоох үнэт эдлэлийн дэлгүүрийг тонохыг оролдсон бөгөөд тэднийг болихыг шаардсан эмэгтэйг барилгын материал ашиглан зодож, дэлгүүрийг нь эвдэлж сүйтгэжээ. Дараа нь эхнэрээ хамгаалахаар гарч ирсэн эрэгтэйг мөн зэрлэгээр зодсон байна.
Түүнчлэн Даллас хотод баасан гарагийн шөнө өөрийн дэлгүүрээ сэлэм ашиглан хамгаалахыг оролдсон бас нэгэн цагаан арьст эрэгтэйг эсэргүүцэгчид бүлэглэн зодож, биед нь ноцтой гэмтэл учруулжээ.
Ерөнхийлөгч Трамп эмх замбараагүй байдал гарч эхэлсний дараа үндэсний гвардыг Миннеаполис хот руу илгээх тухай жиргээндээ "Тэдгээр танхай этгээдүүд Жорж Флойдын дурсгалыг гутааж байна... Тонуул эхэлсэн үед гал нээж эхэлнэ" хэмээн дурдсан нь цахим орчинд багагүй маргааныг дагуулсан юм.