Тонуулчдыг буудах талаар Дональд Трампын жиргээг "Твиттер"-ээс харагдахгүй болгожээ
АНУ-ын нийгмийн дотоод асуудлууд сүүлийн хэдэн өдрүүдэд хурцадмал байдалд байна. Миннеаполис хотод Африк гаралтай эрэгтэй Жорж Флойд цагдаагийн гарт амиа алдсан нь орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэж, зарим хотуудад эмх замбараагүй байдал, эд хөрөнгийн хохирол, галдан шатаалт, дээрэм тонуул газар авч эхэлжээ.
Цагдаагийн албан хаагч Дерек Човин 46 настай Жорж Флоидыг баривчлах явцдаа газарт хэвтүүлээд хүзүүн дээр нь өвдөглөж, удаан хугацаанд амьсгалыг нь боосон нь түүний аминд хүрчээ.
Уг хэргийг шударга ёсны дагуу шийдвэрлэнэ гэж мэдэгдэж байсан ерөнхийлөгч Трамп эмх замбараагүй байдал гарч эхэлсний дараа үндэсний гвардыг Миннеаполис хот руу илгээх, дээрэмчид тонуулчдыг буудах тухай жиргэсэн нь цахим орчинд багагүй маргааныг дагуулсан байна.
Улмаар Твиттер сүлжээнээс Трампын жиргээг "хүчирхийллийг сурталчилсан" гэсэн үндэслэлээр шууд харагдахгүй, дээр нь дараад нээх боломжтойгоор тохируулж өөрчилжээ. Тэрээр тус жиргээнд:
Миннеаполис хотод болж байгаа зүйлсийг зүгээр хараад тэвчээд байж чадахгүй. Ямар ч удирдлага алга... Зүүний үзэлт, сул дорой эрх баригчид нь хотдоо эмх журам тогтоож чадахгүй бол би Үндэсний Гвардын цэргүүдийг илгээж арга хэмжээ авахуулна. Тэдгээр танхай этгээдүүд Жорж Флойдын дурсгалыг гутааж байна... Тонуул эхэлсэн үед гал нээж эхэлнэ. Баярлалаа
Үүнээс хэдхэн цагийн өмнө Дональд Трамп сошиал медиа компаниудын бодлогод тавих хяналтыг төрөөс чангатгах захирамж гаргаад байв.
Эмх замбараагүй байдлаас болж Баасан гарагаас Ням гарагийг хүртэл, оройн 08:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хөл хорио тогтоох арга хэмжээг Миннесота мужийн Миннеаполис, Сэнт Пол хотуудад аваад байна.