Эл Сальвадор улсад 18 настай охины амьгүй хүүхэд нойлын суултуур дотроос нь олдсон тул түүнийг гэм буруутай гэж тогтоосон боловч 33 сарын дараа давж заалдан хүний аминд хүрээгүй гэж үзжээ.
Эвелин Хернандез "би жирэмсэн байсан гэдгээ мэдээгүй. Зулбах үеэрээ ухаан алдаж унасан, би гэмгүй" гэж хэлсээр байсан юм.
Анхандаа шүүх түүнд 30 жил хорих ял ногдуулсан байна. Уг хэрэгт Эл Сальвадор болон өөр улс орнуудын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Холбооныхон түүнийг буруугүй гэдгийг тогтоохыг чандлан хянаж байжээ.
Эл Сальвадор нь үр хөндөлтийн эсрэг хамгийн хатуу хуультай улс орнуудын нэг юм. Ямар ч нөхцөлд үр хөндөлт нь хуулиар хориотой бөгөөд буруутай гэж тогтоогдвол 2-8 жил шоронд суух ял ногддог. Гэхдээ Хернандезийн хэргийн адилаар ихэнх нь ноцтой хүн амины хэрэг болон хүндэрдэг учир хамгийн багадаа 30 жилийн ял сонсдог байна.
"Бурхны авралаар шударга ёс яллаа. Миний зорилго бол үргэлжлүүлэн сурах. Би баяртай байна"
гэж торны ард 33 сар хоригдсон тэрбээр ЭйЭфПи хэвлэлийн агентлагт ярилцлага өгчээ.
Түүний өмгөөлөгч Берта Мариа Делион "Би хэт их баярласандаа дэлбэрэх нь" гэж жиргэсэн байна.
Эвелин Хернандез
Гэвч тэмцэл дуусаагүй: Хернандезийн хэрэг нь Эл Сальвадор улсад даван заалдаж байгаа анхны ийм хэрэг юм.
Өмнө нь өр хөндүүлсэн эмэгтэйчүүдэд 30 жилийн хоригдох ял оноох нь "хүнлэг бус, тохиромжгүй" шийтгэл гэдэг байсан ч шүүхийн шийдвэр өөрчлөгддөггүй байсан.
Одоо Эл Сальвадорын үр хөндөлтийн эсрэг хатуу хуулийн дагуу хоригдсон эмэгтэйчүүд даван заалдах боломжтой болсон гэж Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Холбоо найдаж байна.
"Шударга ёсоор дутагдсан эмэгтэйчүүд байсаар байгаа тул бид цааш тэмцсээр байх болно" гэж мөн Делион жиргэжээ.
Энэ шүүхийн шийдвэрийг "Амнести Интернэшнл" тодорхойлохдоо "Эл Сальвадор дахь эмэгтэйчүүдийн эрхийн хувьд том ялалт", түүнчлэн тус улсын засгийн газрыг "эмэгтэйчүүдийг гэмт хэрэгтэн болгодог ичгүүрт ялгаварлан гадуурхсан уламжлалаа зогсоохыг" шаардаж байсан юм.
Өмнө нь ч НҮБ-ийн Хүний Эрхийн Газрын дэд төлөөлөгч Эл Сальвадор улсыг үр хөндөлтийн тухай хуулиа дахин шинэчил гэж шаардаж байсан билээ.
Юу болсон бэ?
2016 оны 4 сарын 6-нд хотоос зайдуу амьдардаг Эвелин Хернандез гэртээ байх үед гэдэс нь огцом өвдөж, цус алдаж эхэлсэн ба тэрбээр гадаах жорлонд ороод ухаан алдаж унасан байна. Ээж нь түүнийг эмнэлэг рүү авч явсан ба эмч нар хүүхэд төрүүлсэн болохыг нь олж мэджээ.
Түүний хүүхдийн амьгүй бие жорлонгийн бохироос олдсоны дараа тэрбээр баривчлагдсан байна.
Тэр үедээ 18 настай байсан Хернандез гэмт бүлэглэлийн гишүүнд хүчиндүүлсэн ба жирэмсэн гэдгээ огт мэдээгүй.
Гэдэс өвдөлт болон цус алдалтаа сарын тэмдэг нь ирсэн гэж бодож байсан. "Хэрвээ жирэмсэн гэдгээ мэдэж байсан бол бахархалтайгаар төрүүлэх байсан" хэмээн тэрбээр хэлсэн аж.
Түүнчлэн дотроос нь нэг юм сугарч гарах шиг болсон ба хүүхэд уйлахыг сонсоогүй, хүүхэд төрүүлж байгаагаа мэдээгүй гэжээ.
Тэрбээр эхэндээ үр хөндүүлсэн гэж сэжиглэгдэж байсан боловч түүнийг жирэмслэлтээ нуун хяналтад ороогүй гэснээр хүний аминд хүрсэн хэргээр яллагджээ.
2017 оны 7 сард Хернандезийг жирэмсэн байснаа мэдэж байсан гэж үзэн шүүгч түүнд 30 жил шоронд хоригдох ял оноосон ба 33 сарын ялыг нь тэр эдэлсэн.
Яагаад давж заалдсан бэ?
Хернандезийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн эсрэг давж заалдсан. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр хүүхэд нь өөрийн ялгадсандаа бүтэж үхсэн ба энэ нь гэдсэн дотор, төрөх үед эсвэл дөнгөж төрсний дараа тохиолдож болох зүйл гэжээ.
Түүний өмгөөлөгч "Хернандез хүүхдээ алахаар оролдоогүй, хүүхэд өөрөө үхсэн гэж шинжилгээгээр гарсан. Ямар ч гэмт хэрэг болоогүй" гэж хэлсэн аж.
Эх сурвалж: bbc.com, cbsnews.com