Хойд Солонгосын алсын тусгалт пуужин хуурамч байж магадгүй
2015 онд Хойд Солонгосын шумбагч онгоц алсын тусгалт пуужин хөөргөж байгаа зураг хуурамч хэмээн мэргэжилтнүүд үзжээ.
Германы сансар судлалын мэргэжилтнүүд пуужин хөөрч буй зургуудыг "их хэмжээний засвартай" гэж мэдэгдсэн аж.
"Schmucker Technologie" компанийн мэргэжилтэн Маркус Шиллер "Хойд Солонгос үргэлж үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл зарлаж байдаг болохоор тэрхүү усан доороос пуужин хөөргөж байгаа зураг хуурамч байх бүрэн боломжтой. Тиймээс бид Хойд Солонгосын шумбагчийн технологи ийм өндөр түвшинд хүрсэн гэдэгт эргэлзэж байна" гэж "Reuters" агентлагт өгсөн ярилцлагын үеэр мэдэгджээ.
Тус улсын төв телевизээс гаргасан зургийг харвал пуужингаас цагаан утаа гарч байгааг харж болно. Харин өөр өнцгөөс авсан зарим зургууд дээр ямар ч утаа байхгүй байгаа нь ийнхүү олон хүнд эргэлзээ төрүүлэх болсон юм.
АНУ-ын тэнгисийн цэргийн адмирал Жеймс Винфилд "Тэд хэчнээн чадварлаг байсан ч үнэнийг нууж чадахгүй. Хойд Солонгос усан доороос цохилт өгч чадах шумбагчтай болох хүртэл олон жилийн зай байна" гэжээ.
Хойд Солонгос тив алгасах пуужин зохион бүтээхийн тулд олон жилийн өмнөөс асар их хөрөнгө зарж ажиллах болсон. Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын пуужингийн хөтөлбөрийг зогсоох хэлэлцээрийг 2018 онд эхлүүлсэн ч 2 тал зөвшилцөлд хүрч чадаагүйн улмаас 2019 онд дуусгавар болсон юм.
2017 оны 11-р сараас хойш Ким Жон Уны тушаалаар нийт 11 пуужингийн туршилтыг Хойд Солонгос хийгээд байгаа. Мөн 2017 онд Хойд Солонгос 15 цөмийн цэнэгт хошуу туршсан билээ.
Үүний зэрэгцээ 2020 оны 4-р сард Ким Жон Ун сар гаруйн хугацаанд олны нүдэнд үзэгдээгүй учраас түүнийг нас барсан хэмээн олон нийт үзэж байсан. Харин тэрбээр 5-р сарын 2-нд шинэ үйлдвэрийн барилгатай өөрийн биеэр танилцан тэрхүү цуу яриаг дарсан юм.