Даваа гарагт цахим орчинд цагдаа 46 настай өнгөт арьст эрийг баривчлах явцдаа хүзүүн дээр нь 8 минут орчим өвдөглөж улмаар залууг үхэлд хүргэсэн аймшигтай бичлэг цацагдаж олон нийтийн дургүйцлийг ихэд хүргэсэн. АНУ-ын иргэд үүнд ихэд бухимдаж гудамж талбайд жагсаал цуглаан хийж шударга ёсыг шаардаж байна.
Жорж Флойдын баривчилгаа болон үхэл
Ойролцоогоор оройн 20:00 цагт Чикагогийн Өмнөд Гудамжнаас хуурамч мөнгөн тэмдэгт ашиглахаар завдсан гэх дуудлага онцгой байдлын 911 дугаарт утсанд иржээ. Дэлгүүрийн ажилтны мэдүүлгээр Флойд хуурамч мөнгөн дэвсгэрт ашиглан бараа авахаар оролдсон байна. Цагдаагийн албаныхныг ирэхэд Флойд машиндаа сууж байсан ба цагдаа нар түүнийг машинаасаа гарч ирэхийг шаарджээ. Хэргийн газар дээр байсан цагдаа нарын хэлж буйгаар "Сэжигтэн машинаас гарч ирээд баривчилгааг эсэргүүцсэн. Мөн гавласны дараа зовууртай байх шиг байсан" гэж цагдаагийн алба мэдээлсэн боловч олонд саяхан ил болсон бичлэгээс харахад Флойд ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй нь тодорхой харагдаж буй юм.
Хажуугаар нь явж байсан иргэний гар утаснаасаа хийсэн бичлэгээс харахад Флойдыг гавласны дараа цагдаагийн албан хаагч хүзүүн дээр нь өвдөглөж байгааг тодорхой харж болно. "Би амьсгалж чадахгүй байна. Гуйж байна, би амьсгалж чадахгүй байна." гэх нь хөөрхий Флойдын сүүлчийн үгс байлаа.
Нилээн хэдэн минут дээрээсээ өвдөглүүлсний дараа газарт хэвтэж буй тэрээр чимээгүй болж хөдлөхөө байжээ.
Дөрвөн цагдаа хэргийн газарт байсан атал нэг нь ч дээрэлхүү цагдаад хүний аминд хүрэхийг болиулсангүй. Хажуугаар нь явж буй иргэд цагдааг Өвдөглөхөө боль гэж нэг уурлан шаардаж байхад бусад цагдаа нар юу ч хийгээгүй бөгөөд замаар явж буй хүмүүс рүү харан зогссон байж.
Эцэст нь түргэн тусламж ирж Флойдыг Хэннипин мужийн Эрүүл Мэндийн төвд аваачсаны дараа даваа гарагийн оройн 9:25 минутад үхсэн гэж зарлажээ.
Мягмар гарагийн үдээс хойш Минниаполис хотын Засаг Дарга Жэйкоб Фрэй энэ хэрэгт оролцсон дөрвөн цагдааг ажлаас нь чөлөөлсөн гэж жиргэсэн. Энэ нь ч зөв алхам гэж мөн хэлжээ.
Фэйсбүүкээр шууд дамжуулагдсан шүүх хуралд цагдаа өвдгөө ашиглах нь тухайн хэлтсийн хууль дүрмийг зөрчсөн хэрэг болохыг Фрэй хэлжээ.
Эсэргүүцэл, жагсаал цуглаан
Мягмар гарагт Флойдын өвдөглүүлсэн газарт зуу зуун хүн цуглан цагдаа нарын үйлдлийн эсрэг жагсжээ. "Би амьсгалж чадахгүй байна." гэх Флойдын сүүлийн үгнээс мөн "Шударга ёс байхгүй бол эрх чөлөө байхгүй" гэж олуулаа чангаар хэлж байв.
Жагсаал нь цагдаагийн хэсэг рүү нүүсэн ба "Бид үүнийг тэвчиж чадахгүй. Хэрвээ биднийг алсаар байвал муу үр дүн гарна. Энэ ахин үргэлжлэх ёсгүй." гэж нэгэн жагсагч өгүүлжээ.
Жагсагчид тэмцлээ хурцаар үргэлжлүүлж, бухимдлаа нуухгүй байгаа бөгөөд цахим ертөнцөд олон нийтийн эзэмшлийг эвдэн сүйтгэн цагдаагийн машинуудыг эрээчиж байгаа бичлэгүүд тавигдсан байна.
Үүнийг таслан зогсоохоор бүрэн хамгаалалтын хувцас өмссөн эрх баригчид нулимс асгаруулагч хий болон нүд гялбуулагч гар бөмбөг хэрэглэж байгаа ч шударга ёсыг шаардаж улайрсан жагсагчдын эсрэг дорвитой арга хэмжээ болж чадахгүй байгаа гэнэ. Жагсаал цуглаан нь одоог хүртэл үргэлжилсээр байгаа ба өөр хотуудад ч иргэд шударга ёсны төлөө цуглан эсэргүүцэл зарлаж байна.
Эх сурвалж: CNN