Хятад улс Америк долларыг буулгаж авах зорилгоор цахим валют гаргана
Хятад улсаас Коронавирус гарсан нь санаандгүй эсвэл санаатай ч байж магадгүй. Гол нь энэ бүгд дууссаны дараа амьдрал буцаад хэвэндээ орох үед яах бол гэдэг нь сонин. Ялангуяа дэлхийн эдийн засаг ямархуу байдалтай байх бол, аль нэг улс ядуурч, аль нэг нь өмнөхөөсөө илүү дээшилсэн ч байх боломжтой.
20-р зуун болон 21-р зууны эхэнд дэлхийн хамгийн хүчтэй валют бол АНУ Доллар байсан. Ганц олон улсын худалдаа доллароор хийгдэхээс гадна улс орнууд АНУ-ын доллароор нөөцийн сангаа бүрдүүлж өөрсдийн валютын үнэ цэнийг тогтоож байдаг. Хамгийн хөрвөх чадвартай валют бол Доллар, үнэ цэнээ сайн барьдаг, дэлхийн хамгийн том эдийн засгийн валют яах аргагүй мөн. Гэхдээ энэ байдал хэр удаан үргэлжлэх бол? АНУ 1871 оноос хойш дэлхийн хамгийн том эдийн засагтай улсаар одоо болтол явж байгаа. Корона гараагүй байхад хийсэн судалгаагаар 2025 он гэхэд Хятад улс АНУ-ыг эдийн засгийн хэмжээгээрээ давна гэж таамаглаж байсан.
Криптовалют буюу цахим, дижитал мөнгө/валют хэрхэн ирээдүйг өөрчлөх бол? Хятадын засгийн газар DCEP хэмээх нэртэй цахим юань, крипто юань гаргах талаар 2019 онд зарлаад тун удахгүй томоохон хотуудаар хэрэглээнд оруулахаар ажиллаж байгаа. Энэ крипто юань одоогийн АНУ долларын давамгайлсан дэлхийн эдийн засагт хэрхэн өөрчлөлт авчрах боломжтой бол? Биткойн бол анхны криптовалют, цахим алт л гэсэн үг, маш том үүд хаалга нээж өгсөн, крипто юань бий болоход хүртэл хувь нэмрээ оруулсан. Цаашдаа дэлхий даяар мөнгөний гүйлгээ, олон улсын худалдаа, нөөцийн сан гэх мэт олон талд өөрчлөлт авчрах магадлалтай. Хятадын засгийн газарт крипто юань зүгээр шилэн данс л гэсэн үг, бүх гүйлгээг маш хялбархан хянах боломж тэдэнд бий болно, эхлээд Хятад улс даяар, Хятад иргэн бүрийг. Цаашлаад олон улсын худалдааг АНУ доллароор биш DCEP крипто юаниар хийж эвлэвэл яах бол?
Уламжлалт талаас нь харвал энэ бол хийсвэр сонсогдох байх, харин бодит амьдрал дээр энэ зүгээр нэг яриа биш, бодитоор хэрэгжиж эхэлж байгаа шинэчлэлт. Хятадын алсын хараа бол мэдээж дэлхийн хамгийн том эдийн засаг, дэлхийн хамгийн хүчирхэг улс болох. Харин яаж тийм болох вэ гэдэг арга барил нь сонин байна. Коронавирусын үр дагавар нь Хятад улс АНУ-ыг эдийн засгийн хэмжээгээрээ давах хугацааг богиносгосон ч байж мэднэ. Ирээдүйг үгүйсгэхгүйгээр, нээлттэйгээр хүлээж авах хэрэгтэй болов уу, криптовалют гэж хэдэн ПиСи чинь нөхдүүдийн оролддог эд биш болох нь цаг хугацааны л асуудал.
Г.Баярмагнай
Эх сурвалж: forbes.com