АНУ-ын Төлөөлөгчдийн танхим БНХАУ-ын Засгийн газрын гишүүдийн эсрэг хуулийн төсөл баталлаа
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүд санал нэгтэйгээр Шинжааны засан хүмүүжүүлэх газарт хүчээр хоригдож байгаа хоёр сая лалын шашинт уйгар иргэдийг тамлан зовоож буй БНХАУ-ын Засгийн газрын албан хаагч нарыг шийтгэсэн хуулийн төслийг баталжээ.
Тус "Уйгаруудын хүний эрхийн улс төрийн бодлогын хууль"-ийг төлөөлөгчдийн танхимын 413 гишүүн дэмжиж, нэг нь татгалзсан байна. Мөн БНХАУ-ын Коммунист намыг засан хүмүүжүүлэх газар, уйгар, казак болон бусад бага үндэстэн ястныг зовоож байгааг буруутгаж, хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэлд нь хатуу арга хэмжээ авахыг төрийн нарийн бичгийн Дарга Майк Помпео зөвлөв.
Хуулийн төслийг батлах санал хураалтыг явуулахын өмнө Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси “Бээжингийн уйгаруудын эсрэг хэрэгжүүлж байгаа харгис үйлдэл нь дэлхийн нийтийн хамтын үйл ажиллагаа, ухамсрыг доромжилж байгаа хэрэг” гэж мэдэгджээ.
Мөн төлөөлөгчдийн танхимын гишүүд хэлмэгдэн зовж байгаа энэ иргэдэд тэднийг мартаагүйг мэдэгдсэн захиаг илгээсэн аж. Тус хуулийн төсөлд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурах ёстой аж. Энэ төсөл хүчин төгөлдөр болсон тохиолдолд ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын Конгрессод лалын шашинт бага ястнуудтай зүй бусаар харьцаж, тамлаж зовоосон, шүүх хурал хийлгүйгээр хорих хугацааг сунгасан, барьцаалсан, амьдрах эрхийг нь эсэргүүцсэн БНХАУ-ын Засгийн газрын албан хаагч нар болон хэн нэгэн хүнийг илчилсэн тайланг 180 хоногийн дотор танилцуулах ёстой юм байна.
Эх сурвалж: CNN