Хөөсөн чихрийн туршилт: Та хүүхдээ том болоод ямар хүн болохыг мэдмээр байна уу?
Өнгөрсөн долоо хоногт реалити шоуны од Кайли Женнер өөрийн охины хамт нэгэн бичлэг хийж цацсан нь цахим ертөнцийг шуугиулаад байна. Бичлэгт Кайли охиныхоо өөрийгөө хянах чадвар болоод тэсвэр тэвчээрийг шалгаж сэтгэл зүйчдийн нэрлэж заншсанаар Хөөсөн чихрийн туршилтыг хийдэг. Уг туршилтыг анх Стэнфордын эрдэмтэд зохиосон бөгөөд хүүхдүүдийн тэсвэр тэвчээр, сонголт хийх чадварыг сорьдог туршилт юм.
Хөөсөн чихрийн туршилтыг 1972 онд анх Уолтер Мишелээр ахлуулсан эрдэмтдийн баг гүйцэтгэж байжээ.
Туршилтын зорилго: Уолтер Мишел урамшууллыг тэвчих нь ирээдүйн амжилтад нөлөөлөх эсэхийг тодорхойлохыг хүссэн байна.
Туршилт хэрхэн явагддаг вэ?
Нэг хөөсөн чихэр тавьсан өрөөнд 4-6 насны хүүхдүүдийг нэг нэгээр нь оруулан хүүхдүүдийг түр хугацаанд ганцааранг нь байлгажээ. Хүүхэд бүрийг ганцааранг нь үлдээхээс өмнө туршилт явуулагч тэдэнд 15 минутын дараа эргэж ирэхэд нь эхний хөөсөн чихрээ идээгүй байвал нэмж нэгийг өгнө гэж хэлжээ. Туршилтад оролцсон 600 хүүхдүүдээс хэсэг хүүхдүүд хөөсөн чихрийг тэр дор нь идсэн бол гуравны нэг хэсэг нь тэвчээртэй байж илүү том урамшуулал буюу хоёр ширхэг хөөсөн чихэр хүртэж чадсан байна.
Туршилтын үр дүнд Мишел болон түүний багийнхан хүний шагнал урамшууллыг хойшлуулах чадварын ерөнхий бүтцийг тайлбарлажээ.
Мишел хүний тэвчээр яагаад алдагддагийг тайлбарлах "халуун ба хүйтэн" системийг зохиожээ. Хүйтэн систем нь байгаль дах танин мэдэх чадвар юм. Ерөнхийдөө мэдрэмж, сэтгэл хөдлөл, үйл явдал болон зорилгуудыг нийлүүлэн тооцоолон бодох систем юм. Жишээ нь энэ систем яагаад хөөсөн чихрийг идэх ёсгүй вэ гэдгийг сануулдаг.
Халуун систем нь хөөсөн чихрийг шууд ам уруугаа хийх шиг, тодорхой нэгэн зүйлд урт хугацааны үр дүнг нь бодолцолгүйгээр рефлексээрээ хурдан хариу үзүүлэх юм.
Энэ систем нь хүүхэлдэйн кино байсан бол хүйтэн систем нь мөрөн дээр тань байдаг сахиусан тэнгэр, халуун нь чөтгөр юм. Тэвчээр алдагдахад хүйтэн системийг халуун систем давж ажиллан ойворгон үйлдэл гаргадаг.
Хөөсөн чихрийн туршилтад орсон хүүхдүүдийг хэдэн жилийн дараа дахин дуудаж уулзахад халуун систем нь зарим хүмүүст илүүтэйгээр давамгайлдаг байсан ба энэ нь амьдралынх нь туршид шийдвэр гаргах үед нь нөлөөлсөөр байдаг байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Харин багадаа хөөсөн чихрийг удаан хүлээж туршилтыг амжилттай давсан хүүхдүүд өсвөр насандаа элсэлтийн шалгалтад илүү өндөр оноо авсан ба тэднийг төлөвлөлт сайтай, юмыг учирлахдаа сайн, уур уцаараа тэвчиж чаддаг ба сатааралгүй төвлөрч чаддаг гэж эцэг эхчүүд нь үнэлжээ.
Саяхан туршилтын баг багадаа хөөсөн чихрийн туршилтад орсон 59 хүмүүсийг хайж олон өөрийгөө хянах лабораторийн туршилтад оруулж тэвчээрийг нь шалгасан байна. Гайхалтай нь өөрийгөө хянах чадвар нь 40-өөд жилийн дараа бараг ялгаагүй байсан ба хөөсөн чихрийг түрүүлж идсэн хүүхдүүд нас ахисан ч өөрийгөө хянах чадвар нь бага байсан. Үүнээс хувь хүний ойворгон үйлдэл гаргах сэдэл нь амьдралынх нь туршид хэвээр байдаг гэдэг дүгнэлтийг гаргасан байна.
Нэмэлтээр туршилтад орсон хүмүүсийн урд хорхой хүргэсэн зүйл тавин тархины ажиллагааг MRI ашиглан харж үзэхэд тэвчээр багатай хүмүүсийн тархины зураг тэвчээр сайтай хүмүүсийнхээс өөр байжээ. Тэвчээр сайтай хүмүүст тархины магнайн хэсэг (сонголт хийх гэх мэтийн удирдлагыг хянадаг хэсэг) нь илүү идэвхтэй байсан. Мөн тэвчээр багатай хүмүүсийн тархины чамархайн хэсэг (хүсэл болон шагналыг процесс хийдэг хэсэг) нь илүү ажиллаж байсан сонирхолтой судалгааг хийжээ.
Яагаад зарим хүмүүс хорхой хүргэсэн зүйлс болон сэтгэл хөдлөлд илүү мэдрэмтгий байдаг шалтгааныг ойрын хугацаанд судлаачид тайлбарлах болоогүй. Гэлээ ч сүүлийн үеийн судалгаагаар дур хүслийн 'унтраалгын' талаар янз бүрийн мэдээллүүдийг нээж байна. Саак.news.mn энэ талаар цаашид дэлгэрүүлэн хүргэх болно.
Эх сурвалж: American psychological association