“Space X” компани дэлхийн тойрог замд хүрэх нислэгээ цаг агаарын улмаас хойшлууллаа
АНУ-ын “SpaceX” компани “Crew Dragon” сансрын хөлгөөр 2 нисгэгчийг "NASA"-гийн Флорида мужид байрлах талбай дээрээс өнөөдрийн 09:00 цагт хөөргөн дэлхийн тойрог замд оруулахаар төлөвлөж байв.
Харамсалтай нь тус сансрын буудал байрладаг Флорида мужийн нутаг орчимд хүчтэй аадар борооны үүл хуралдаж, аянга цахилгаантай бороо орж эхэлснээс болоод нислэгийг бямба гариг хүртэл хойшлуулжээ.
2011 онд NASA сансрын нислэгийн “Space Shuttle” хөтөлбөрөө зогсоосон бөгөөд түүнээс хойш өөрсдийн нутаг дэвсгэр дээрээс сансрын нисгэгчдийг хөөрөөгүй юм. Дэлхийн сансрын нисгэгчид одоо голчлон ОХУ-ын "Союз" хөтөлбөрөөр тойрог зам болон Олон улсын сансрын станцад хүрч байгаа билээ.
Харин өнгөрсөн жилээс эхлэн “Space X” компани NASA-тай хамтран АНУ-ын нутаг дэвсгэр дээрээс сансрын нисгэгчдийг хөөргөх хөтөлбөр эхлүүлсэн бөгөөд өнөөдөр анхны нислэгээ үйлдэх ёстой байсан аж.
Уг үйл явдлыг Youtube болон NASA- гийн албан ёсны веб сайт шууд дамжуулан хүргэх юм.
Эх сурвалж: NY times