Робот- бариста нар хөл хорионы үед ''аминд орж'' байна
Удахгүй ажлын байрууд устаж, роботууд бүхнийг хийдэг болно гэх таамаглал үеийн үед байсаар ирсэн. Эрдэмтэд, зохион бүтээгчдийн ачаар робот ажилчдын эрин үе төсөөлснөөс хурдан айсуй.
Өмнөд Солонгосын Vision Semicon компани улсынхаа Шинжлэх Ухааны Их Сургуультай хамтран Тэжон хотын кафед зориулан робот-баристаг зохион бүтээсэн байна.
"Энэ таны американо, амтархан уугаарай. Мөн сайн хутгачихаад уувал илүү амттай". хэмээн үйлчлүүлэгч кофегоо авахад робот хэлдэг аж.
Vision Semicon компанийн захирал Ли Донгбэгийн хэлснээр:
Роботууд бидэнд хөл хорионы үед тусалж чадна. Бидний системд захиалга авахаас хүргэлт хүртэлх бүх үйл ажиллагаанд хүний оролцоо хэрэггүй. Кафе дахь ширээнүүд хоорондоо робот явах зайтай бөгөөд энэ нь хөл хорионы үе дахь дүрмийг баримталж буй хэрэг юм.
Робот-бариста 60 өөр төрлийн уух зүйлсийг хийж хэрэглэгчдийн гарт хүргэх чадвартай. Мөн тэрээр хүнтэй харилцаж төхөөрөмжүүд дээр ажиллах чадахаас гадна бусдын тусламжгүйгээр хөдөлж, захиалгаа хүргэх хамгийн богино маршрутыг зохиож чаддаг байна.
Энэхүү робот-бариста нь зургаан захиалгыг 7 минутад гаргадаг аж. Кафед ажилладаг цор ганц хүн бол цэвэрлэгээ болон уух зүйлсийн амтыг тохируулдаг нарийн боовчин юм. Зохион бүтээгчид энэ ондоо багтааж 30 кафег робот-баристатай болгох зорилготой ажиллаж байна.
''Роботууд хөгжилтэй бас амар, яагаад гэвэл тэд захиалга авахын тулд хаашаа ч хөдлөх хэрэггүй. Гэхдээ хөдөлмөрийн зах зээл дээрх байдлын талаар би бага зэрэг санаа зовж байна, учир нь манай найзууд кафед ажилладаг, харин эдгээр роботууд хүнийг бүхлээр нь орлож чадахаар байна.'' хэмээн Техникийн Их Сургуулийн оюутан өөрийн бодлоо хуваалцсан юм.
Эх сурвалж: mir24.tv