Клиник үхлээс амьд үлдсэн хүмүүс өөрсдийн харсан зүйлсээ хуваалцлаа
Израилийн эрдэмтэд клиник үхлийг даван гарсан хүмүүсээс асуулга авсны үндсэн дээр тэд юу мэдэрч байсныг олж тогтоож чадсан юм. "U-news"-ийн мэдээлэлж буйгаар үр дүн нь төсөөллөөс тэс өөр байсан аж.
Мэргэжилтнүүд үхлийн процессыг эрт дээр үеэс судалсаар ирсэн. Клиник үхлийн дараа ухаан орсон хүмүүс "хонгилын үзүүрт гэрэл харах" эсвэл "өөрийн бие дээгүүр нисэж" байсан тухай ихэнхдээ ярьдаг. Гэвч эдгээр яриа хангалттай үнэн байж чаддаггүй.
Израилийн эрдэмтдийн судалгаанд оролцсон хүмүүс өөр дүр зургийг тайлбарласан. Тэд өөрсдийгөө "цаг хугацаанаас гадуур" оршиж байсан гэсэн бөгөөд тэдний ихэнх нь тухайн үедээ өөрсдийн амьдралын ямар нэгэн үйл явдал, тэр тусмаа хамгийн их сэтгэл хөдлөлтэй байсан мөчөө харж байсан тухай хуваалцсан байна.
Гэхдээ дурсамжууд он цагийн дараалалгүйгээр байн байн солигдож байсан аж. Зарим оролцогчдод хүмүүсийн биед шилжин орох боломжтой мэт, бусдын сэтгэл хөдлөлийг мэдэрч байх шиг санагдсан байна.
Бүх оролцогчдод мэдрэгдсэн зүйл нь тэд сэргэснийхээ дараа өөрсдийн амьдралаа тэс өөрөөр харж, ялангуяа гэр бүлтэйгээ харьцах харилцаагаа өөрчлөхийг хүссэн аж.
Эрдэмтдийн тайлбарласнаар хүний тархины чамархайн болон зулайн хэсгүүд нь цусан хангамжийг илүү удаан хадгалдаг ба тархины эдгээр хэсгүүд нь дурсамж, сэтгэл хөдлөлийг хариуцдаг тул хүний туршлагад шууд нөлөөлдөг байна.
Эх сурвалж: mir24.ru