Хүний эрхийн байгууллагуудад ''Хар тамхи зөөвөрлөх, худалдаалах гэмт хэргийн бүлэглэлүүдийг зогсоох тал дээр дорвитой, нэгдсэн арга хэмжээ авахын оронд хүний амь хөнөөж цаазаар авахаа урьтал болгодог'' хэмээн шүүмжлүүлдэг Сингапур улс хөл хорионы цаг үед ч хар тамхины наймаачдыг цаазаар авахаа хойшлуулахгүй байна.
Хөл хориотой үед олноор бөөгнөрөхөөс сэргийлж, хурал цуглааныг онлайн хэлбэрээр явуулдаг болоод удаагүй байгаа энэ үед нэгэн эр Zoom-ийн видео дуудлагаар цаазын ял сонсжээ. Сингапур улс дахь дийлэнх шүүх хурлууд хөл хорионы хугацаа дуустал буюу зургаан сарын нэгэн хүртэл хойшлогдсон бөгөөд нэн чухалд тооцогдох хэргүүдийг зайнаас шийдэж байгаа юм.
37 настай Пунитан Генасан 2011 онд үйлдсэн хар тамхины наймааны хэргийнхээ ялыг ийн 9 жилийн дараа хүртэж байна. Сингапур улсын тус шийдвэрийг шүүмжлэх байгууллагууд цөөнгүй байгаа бөгөөд цар тахал дэлхийгээр тархсан байхад цаазын ял оногдуулна гэдэг нь зохимжгүй хэрэг гэж хүний эрхийн бүлгэмүүд эсэргүүцжээ. Генасаны өмгөөлөгч Петер Фернандогийн мэдэгдэж буйгаар Генасан давж заалдах хүсэлтэй байгаа аж.
Ташрамд дурдахад Сингапур улс 2013 онд л гэхэд 18 хүнийг цаазаар авсан нь сүүлийн 20 жилийн дотор хамгийн олон хүнийг цаазаар авсан хэрэг болсон гэж Amnesty International мэдээлсэн. Эдгээр 18 хэргийн 11 нь хар тамхитай холбоотой гэмт хэрэг байжээ.
Эх сурвалж: BBC