Хүмүүст зурган контент илүү хүрдэг гэдгийг гэдгийг анх олж харж, Инстаграмыг зохион бүтээсэн суут ухаантан бол Кевин Систром юм. Тэрбээр өөрийн аппликейшнийг 2012 онд Фейсбүүк компанид худалдсан ба өнөөгийн бидний мэдэх инстаграм нь 10 жилийн турш шинэчлэгдэн хөгжиж ирсэн. Энгийн нэгэн зураг хуваалцах аппликейшн өдгөө маркетингийн нэн чухал хэрэгсэл болтлоо хөгжжээ. Бүх төрлийн бизнес эрхлэгчид инстаграмыг зар сурталчилгааны суваг болгон ашигладаг. Үүнийг дагаад загвар өмсөгчид, дуучид, жүжигчдээс эхлээд зөвхөн зар сурталчилгаа хийж мөнгө олдог бие даасан influencer (нөлөө бүхий хүн) гэх мэргэжил ч бий болсон. Эдгээр хүмүүс хэрхэн мөнгө олдог талаар өгүүлье.
Инстаграм гэж юу вэ?
- Өдөр бүр 500 сая хэрэглэгч идэвхтэй ашигладаг.
- 2017 онд АНУ-ын бизнес эрхлэгчдийн 70.7 хувь нь инстаграмаар дамжуулж ашиг орлогоо өсгөдөг байв.
- Инстаграм хэрэглэгчдийн 80 хувь нь дор хаяж нэг бизнесийн талаар сонирхсон байдаг.
- Сар бүр хоёр сая “boost” буюу төлбөртэй сурталчилгаа явдаг.
- Нийт хэрэглэгчдийн инстаграмд зарцуулдаг дундаж цаг жил бүр 80 хувиар нэмэгдэж байна.
- 2016 онд АНУ-ын брэндүүдийн 48 хувь нь бизнесээ сурталчлах зорилгоор Инстаграм ашигласан.
- Өдөр бүр 300 сая орчим инстаграм стори ордог.
- Инстаграм хэрэглэгчдийг насаар нь ангилбал:
- 15-29 насныхан: 59%
- 30-аас 49 насныхан: 33%
- 50-с дээш насныхан: 8%- ийг тус тус эзэлж байна.
- Инстаграм маркетерууд сардаа 200-10,000 ам.долларын (заримдаа үүнээс ч их) орлого олдог.
Энэхүү асар том зах зээлийн нэг хэсэг болсноор таны орлого нэмэгдэх бүрэн боломжтой. Гэхдээ зураг нийтлээд л мөнгө таны дансанд ороод ирнэ гэж бодож болохгүй. Нийт инстаграм хэрэглэгчдийн 80% нь бараа сурталчилж мөнгө олдог. Тиймээс өрсөлдөөн ихтэй энэ зах зээлд тууштай, онцгой байж чадвал та мөнгө олох болно. Үүний тулд та эхний ээлжид олон дагагчидтай болох хэрэгтэй. Тэгвэл хэрхэн дагагчдынхаа тоог ихэсгэх вэ?
1. Инстаграм профайлаа оновчтой сонгох.
“Хувцсаар тань угтаж, ухаанаар нь үднэ” бусдад таатай анхны сэтгэгдэл төрүүлэхийн тулд аль болох эерэг, сонирхолтой, шинэлэг зураг байвал илүү дээр.
2. Өөрийн хэв маягаа тодорхойлох.
Өөртөө хамгийн тохиромжтой, сонирхолтой, мэддэг сэдвийнхээ дагуу хаягаа хөтлөх хэрэгтэй. Инстаграмд хамгийн их сонирхдог төрлүүд бол фитнес, тав тухтай амьдралын хэв маяг, амьтад, аялал, бизнес зэрэг юм.
3. #Hashtag үүсгэх.
Та өөрийн хөтөлдөг инстаграм хаягийн дагуу хайлт хийхэд хялбар болгох зорилгоор хаштаг үүсгээрэй. Та фитнес төрлийн хаяг хөтөлдөг бол инстаграмдаа зураг оруулах бүрдээ #fitness, #fitnesslife зэрэг хаштагыг ашиглаарай. Ингэвэл фитнес сонирхдог хүмүүс таны хаягийг илүүтэйгээр сонирхох юм.
4. Уралдаан тэмцээн зохиох (giveaway).
Нэг төрлийн идэвхжүүлэлт бөгөөд энэ нь таны хаягийн дагагчдыг ихээр нэмэгдүүлэх бөгөөд үүний хажуугаар бүтээгдэхүүнээ ч сурталчилна.
5. Байнгын пост хийж, идэвхтэй байх.
Хүмүүс амархан уйдах төлөвтэй байдаг тул аль болох сонирхолтой, хэрэгтэй мэдээлэл оруулж байх хэрэгтэй. ''Өдөрт нэг зураг'' гэх хаштаг ашиглан идэвхтэй байвал сайн.
Инстаграм дээр хэрхэн мөнгө ''хийх'' вэ?
1. Шинэ, дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах.
Та хэрэглэгчдэд шинээр танилцуулагдаж буй бренд эсвэл борлуулалтаа ихэсгэхээр зорьж буй байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой. Жишээлбэл: тухайн бүтээгдэхүүний талаар сторидоо оруулах, бүтээгдэхүүний холбоосыг өөрийн профайл (bio) дээрээ байршуулах, бичлэг хэлбэрээр оруулж болно. Ингэснээр таны тавьсан холбоосоор дамжин орж худалдан авалт хийсэн хүмүүсийг хянах боломжтой болох бөгөөд танд худалдан авалт бүрээс тодорхой хэмжээний хувь оногдуулах болно.
Танд бэлэг болгон явуулсан, худалдан авсан бүтээгдэхүүнээ хэрэглэн үр дүнг нь танилцуулах эсвэл сэтгэгдлээ илэрхийлэх маягаар зар сурталчилгаа хийж болно. Tаныг бүтээгдэхүүний сурталчилгаандаа тоглуулах санал ч ирж магадгүй шүү.
2. Өөрийн бизнесээ өргөжүүлэх.
Та өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг сурталчилж, танилцуулж бүр бизнесээ өргөжүүлэн хамтрагчтай ч болох боломжтой юм. Жишээ нь: Та уураг, спорт хувцас, фитнесийн төхөөрөмж зардаг бол инстаграм хаягаа фитнес төрлөөр хөтөлж, өөрийн бизнесээ танилцуулан орлогоо нэмэгдүүлэх боломжтой.
3. Гэрэл зургаа зарж болно.
Tаньд өндөр чанартай зураг дардаг аппарат, программ байдаг бол инстаграмд зургаа оруулаад зургийн тайлбар дээр ''Энэ холбоосоор дамжин орж зургийг бүрэн хэмжээгээр нь татаж авна уу'' гэж бичих хэрэгтэй. Татаж авахад 2-3 ам.долларын үнэлгээтэй. Таны өөрийн бүтээл тул орлогын ихэнх хэсгийг та авах бөгөөд цаашид өөр байгууллага, компаниудтай хамтран ажиллах боломжтой.
Өнөө үед Монголын хэсэг нөлөө бүхий хүмүүс өсвөр насны хүүхдүүд, залуучуудыг интернет ашиглан мөнгө олдог ажилд уриалж, нөгөө хэсэг нь тэднийг буруушааж хоёр талцаад байгаа билээ. Тэдний хэнийх нь зөв, бурууг тааж хэлэх боломжгүй юм. Хүнд амьд харилцаа, боловсрол чухал байдаг гэдгийг санаж, ажил хичээлээ хаяхгүй байх нь чухал. Нөгөө талаас дэлхийн нэг тэрбум хүн ашигладаг маркетингийн сувгийг ашиглан амжилтад хүрсэн олон сая хүний хөдөлмөрийг үгүйсгэж болохгүй.