Үнэрч нохой хэдийнээ хоцрогджээ. Одоо тэсрэх бөмбөг мэдрэдэг царцаанууд гарч ирсэн байна. Вашингтон их сургуулийн Барани Раман болон түүнээр ахлуулсан эрдэмтдийн баг Америк царцааны (Schistocerca americana) үнэрлэх мэдэрхүйд нэвтэрч чадсан аж.
Шавжны үнэрлэх мэдрэлийн эс нь агаарт байгаа үнэрийг мэдэрдэг тэмтрүүлд нь байдаг. Мэдрэлийн энэ эсүүд нь шавжны тархи руу цахилгаан дохио дамжуулдаг. Царцаа болгон ойролцоогоор 50,000 ийм мэдрэлийн эстэй.
Тэсрэх бөмбөг шиншлэх чадварыг нь туршиж үзэхийн тулд тротил буюу ТНТ-н уур агаарт цацсан ба мөн газрын самарт байдаг benzaldehyde болон халуун агаар ашиглаж үзсэн байна.
Судлаачид царцааны тэмтрүүлрүү нь электрод зооснооор тэсрэх бодистой ойр байх үед тодорхой бүлэг мэдрэлийн эс идэвхжиж байгааг илрүүлжээ. Цахилгаан сигналыг нь шинжилж үзсэнээр тэсрэх бодисыг бусад бодисоос ялгаж байгааг нь олж тогтоосон.
Судлаачдын баг тэмтрүүлээс нь цахилгаан сигналыг бичин шууд компьютерлүү дамжуулах утасгүй жижиг, овор багатай мэдрэгч цүнхэнд багтаажээ. Эрдэмтэд царцааны нуруунд мэдрэгч төхөөрөмж байрлуулснаар тэмтрүүлд нь мэдрэгдсэн дохиоллыг бичиж тэмдэглэж, дамжуулах боломжтой болжээ.
Электрод суулгасан царцаанууд долоон цагийн туршид амжилттайгаар тэсрэх бодисуудыг илрүүлсний дараагаар сульдан удалгүй үхсэн харамсалтай мэдээ байна.
Энэ процесс нь царцааг ажиллагаагүй болгосон тул тэднийг удирдлагатай тавцан дээр тавьж, өөр өөр байршлуудаас тэсрэх бодис үнэрлэх тест явуулжээ. Судлаачид царцааг өөр өөр байршлууд руу хөдөлгөхөд тэсрэх бодис хаана хамгийн ихээр байгааг мэдэрч байсан.
Мөн тэд салхи мэтийн хүрээлэн буй орчны хүчин зүйлүүдийг тооцоолж, хэд хэдэн царцааны мэдрэхүйн мэдээллийн үр дүнг тооцож үзжээ.
Долоон царцаан дээр хийсэн мэдрэлийн эсийн үйл ажиллагааны туршилтаар 80% нь, нэг царцаанаас авсан туршилтаас 60% нь зөв илрүүлж чадаж байсан байна.
АНУ-ын Усан Цэргийн Судалгааны Төв нь энэ төслийг санхүүжүүлсэн ба аюулгүй байдлын зориулалтаар ашиглаж болно гэж судлаачид итгэж байгаа.
Эх сурвалж: newscientist