Amazon хэрхэн дэлхийн хамгийн том компаниудын нэг болсон бэ?
Дэлхий даяар бараа бүтээгдэхүүн борлуулж, тээвэрлэдэг интернет худалдааны хамгийн том компани болох Амазон бусад компаниудын л адил багаас эхэлсэн байдаг. Тэгвэл Амазоны ерөнхий захирал, үүсгэн байгуулагч Жефф Безос хэрхэн байгуулсан компаниа дэлхийн даяар салбартай, тэргүүлэгч компаниудын нэг болгож чадсан бэ?
1994 онд Волл Стрийтэд санхүүгийн байгууллагад ажиллаж байсан Жефф Безос "Amazon.com" нэртэйгээр анх компаниа байгуулжээ. Амазон нэрийг сонгосон шалтгаан бол энэ үг нь цагаан толгойн эхний үсгээр эхэлсэн ба Өмнөд Америкт байдаг том мөрөн юм. Тэрбээр компаниа хамгийн анх эхлүүлж байхдаа шууд төрөл бүрийн зүйлс зараад байсангүй, харин ч өөрөө маш нарийн судалж үзсэн байна. Безос 20 гаруй төрлийн барааны жагсаалт гаргаж, бодож үзсэний эцэст ном зарахаар төлөвлөжээ. Учир нь ном хэмжээгээрээ авсаархан, номын төрөл, сэдэв гээд сонголт маш өргөн тул сонгосон гэж хэлдэг. Гэвч тухайн үед Жефф Безос ганцаараа ном зарж байсангүй, түүнтэй адил өөр олон компаниуд байв. Гэхдээ Безосын бизнес бусдаас нэг зүйлээрээ ялгарч байсан нь ямар ч номыг АНУ-ын хаана ч хүргэж өгнө гэсэн амлалтыг хэрэглэгчдэдээ өгсөн юм.
Жефф Безос залуу насандаа
Безос анхнаасаа Амазоныг бараа зардаг дэлгүүр биш, харин интернетээр дамжуулан хаанаас ч, юу ч худалдан авах боломжтой худалдааг хөнгөвчилсөн технологийн компани байгуулах зорилготой байв.
Амазоны бизнес стратеги мэдээж бусдаас их шүүмжлэл хүртдэг байсан. Тухайн үед олон шинжээч нар Амазоныг бусад том компаниуд адилхан интернетээр борлуулалт хийж эхлэхэд дампуурна гэхчлэн төрөл бүрээр хэлж байв. Гэвч Амазоны хурдацтай өсөлт, жил жилийн орлогууд түүнийг нь няцааж байлаа.
Жефф Безос энэ талаар хэлэхдээ түүнийг шүүмжилж байсан хүмүүс тухайн үедээ интернетийн Амазонд авчрах асар их боломжийг анзаараагүй гэж хэлсэн ба үнэхээр ч түүний хэлснээр 1996 оны 10-р сард 196,000 хэрэглэгчтэй байснаас 1997 оны сүүлээр 1 сая дахь хэрэглэгчтэй болж, жилийн дотор 15 сая ам.доллароос 147 сая ам.долларын орлоготой болтлоо томорсон байна. Энэ бүхнийг зөвхөн ном зараад олсонгүй, тухайн үедээ Амазон бараа зарах сонирхолтой бусад компани, веб хуудаснуудыг өөрсдийн олон хэрэглэгчтэй сайтдаа байршуулж, оронд нь тэдний олсон орлогоос ашиг хүртэх замаар бизнесээ тэлж байв.
Тухайн үедээ 350,000 гаруй нэр төрлийн компани, онлайн дэлгүүрүүдтэй хамтарч ажиллаж, тэдний барааг сайтдаа зардаг болсон байлаа. 1998 онд дуу, бичлэг стриминг хийж эхэлж мөн тэр жилдээ Герман, Английн онлайн номын дэлгүүрүүдийг худалдаж аван олон улсад өөрсдийн нөлөөгөө тогтоох эхлэлийг тавив.
Амазон өсөлтөө тогтвортой байлгахын тулд 1997 онд дан ганц хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаас хамаараад байлгүй өөрсдийн хувьцааг олон нийтэд нээлттэй болгож анхны арилжаанаасаа 54 сая ам.долларын ашиг олсон байна.
2002 онд Безос интернет дата анализ, "cloud" компьютерын үйлчилгээг санал болгож эхэлсэн нь түргэн эрчээ авч, бусад интернет компаниудад ч алдартай болох боломжийг олгож байв. Түүний нэг жишээ бол кино түрээсийн компани болох алдарт "Netlfix" нь анх Амазоны энэ үйлчилгээг ашиглан хэрэглэгчдэдээ хүрдэг байсан юм.
Амазон анх ямар нэгэн барааг агуулахт хадгалалгүйгээр шууд хүргэлт хийх гэсэн төлөвлөгөөтэй байсан ч, нэгэнт том болчихсон компани агуулахгүй цааш явж чадахгүйг ойлгон АНУ даяар өөрсдийн агуулахыг нээж эхлэв. Ингэснээр хүргэлтийн хугацааг багасгаж түүнийгээ дагаад хэрэглэгчдэдээ хүргэх үйлчилгээ нь сайжирсан байна.
Амазон 2012 онд "Kindle" гэх ном унших боломжтой таблет бүтээж борлуулсан нь ашгаа өгч, уламжлалт цаасан номуудаас хол илүү зарагдаж байлаа. 2017 онд Амазон хүнсний сүлжээ дэлгүүр болох АНУ-ын "Whole Foods"-ийг 13 тэрбум ам.доллароор худалдан авсан. Ингэснээр Амазон хүнсний салбарт том нөлөөтэй болж дэлхийн хамгийн том гэх байр сууриа хадгалж үлдэхээр хичээж байна.
Гэхдээ энэ бүхний амжилтын нууц нь интернет биш, төрөл бүрийн бараа зардагт нь биш харин илүү энгийн зүйл болох хэрэглэгч бүрд тулж ажилладаг нь байв. Амазон анхнаасаа ямар ч барааг хаана ч байсан хүргэж өгнө гэсэн зорилготой байсан ба түүнийгээ ч биелүүлж захиалсан барааг хэрэглэгчийн гэрт хүргэж өгдөг.
Энэхүү үйлчилгээ нь хэрэглэгч татах гэхээсээ илүү, үнэнч хэрэглэгчдийн асар том сүлжээг үүсгэж чадсан. Энэ чанар нь ч бас илүү олон хүн татахад нь ч нөлөөлсөн гэдэг. Бизнес цагаа дагаад байнга өөрчлөгдөж байдаг ч, хэрэглэгчдийн хүслийг хангаж чадсанаараа компани нь том амжилтад хүрч чадсан гэж Жефф Безос үздэг байна. Тэрбээр 146 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ба одоогоор дэлхийн хамгийн баян хүн юм.
Эх сурвалж: Wikipedia, Britannic