Эрдэмтэд анхны хиймэл нүдийг зохион бүтээж байна
АНУ, Хонконгийн хамтарсан эрдэмтдийн баг хараагүй хүмүүст зориулсан хиймэл буюу "бионик нүд" бүтээжээ.
Одоогийн байдлаар туршилтын шатандаа байгаа тус хиймэл нүдийг ирэх он гэхэд хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.
Эрдэмтэд мөн бүтээлээ хиймэл оюун болон робот техникийн салбарт ашиглаж болно гэдгийг онцлов.
Хүний нүдэнд байдаг гэрэл мэдрэгч эд эсийг дуурайлган хийсэн хиймэл мэдрэгчийн тусламжтайгаар тус нүдийг бүтээх боломжтой болсон аж.
Судалгааны багийнхны "бионик нүд" гэж нэрлэсэн уг төхөөрөмж нь хиймэл торлог бүрхэвч болоод дүрсийг шууд дамжуулдаг гэрэл мэдрэгчээс бүрддэг.
Одоо судлаачдын өмнө тулгараад байгаа хамгийн том бэрхшээл нь тус төхөөрөмжийг хүнд суулгаж болох бөмбөрцөг хэлбэрт оруулах явдал юм. Тэд хараахан төхөөрөмжийг амьд биет дээр туршиж үзээгүй байгаа аж.
"Daily Mail"-ийн мэдээлснээр судлаачид аль хэдийн амьтан, хүний аль алинд нь туршихаар төлөвлөж байна.
Одоогийн байдлаар тус нүд нь үсэг ялгах чадалтай байгаа ч өнгө болоод том хэмжээтэй зүйлсийг ялгаж чадахгүй байгаа юм. Үүний тулд илүү нягтралтай мэдрэгч шаардлагатай байгаа гэнэ.
Эх сурвалж: Daily mail