Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.
Тэрбээр “УОК гадаадад байгаа иргэдээ шат дараатай татан авах ажлыг зохион байгуулж байна. ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагаа эхэлсэн. Өнөөдөр өглөө 170 иргэн ирсэн. Тавдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Алтанбулаг боомтоор ОХУ-аас 594 оюутан татан авах ажиллагааг зохион байгуулна.
Иргэд эх орондоо ирэх хүсэлтийг тасралтгүй ирүүлсээр байна. Тодруулбал, Сөүл-Улаанбаатар чиглэлд 1820 иргэн, Токио-Улаанбаатар чиглэлд 1276 иргэн, Зүүн Өмнөд Ази 417 иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа юм. Мөн гадаадад байгаа иргэдээ татан авах ажиллагаа тасралтгүй үргэлжилнэ” гэлээ.