Дэлхий нийтийн хүнсний хэрэглээ хэрхэн өөрчлөгдөх вэ?
Одоо цагт хэрэглэгддэг хүүхдийн хоол, тэжээл олон төрөл байдгийн адилаар хүн амын бүлэг бүрт тохирсон хүнсний бүтээгдэхүүнүүдийг эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хөгшчүүдэд тохируулан ханган нийлүүлэх боломжтой болох ажээ. Мөн махгүй хэдий ч махны амттай бургер, шинэ төрлийн амттай сүүн бүтээгдэхүүний хувилбарууд ч мөн илүү ихээр хэрэглээнд орж ирнэ. Ирээдүйн хүнсний хэрэглээнд мах, сүүн бүтээгдэхүүн бага орох хандлагатай байгаа нь дэлхий нийтэд тулгамдаж буй хүнсний хомсдол болон эрүүл хооллолтын зарчмаас үүсэх юм.
2015 онд Израилийн эрдэмтдийн баг долоо хоногийн турш 800 хүнийг хамруулсан цусан дахь сахарын хэмжээг тогтоох судалгааны дагуу ижил төстэй хоолонд хувь хүний биологийн хариу урвал харилцан адилгүй байгааг олж нээжээ. Зарим хүмүүс элсэн чихэртэй зайрмаг идсэний дараа цусан дахь сахарын хэмжээ нь ихсэж байхад бусдынх нь зөвхөн цардуултай будаа идэх үед нэмэгдэж байв.
Шим тэжээл судлал нь хүн амын бүлэг, түүнчлэн хувь хүн бүрийн хувьд байж болох хамгийн сайн тэжээлийн хувилбаруудыг ирээдүйд бүрдүүлэх зорилготой юм. Эцэг эхчүүд сургуулийн насны хүүхдүүддээ цайг нь бэлдэхээс эхлээд өдөр хооллохдоо “хоол тэжээлийн мэдээллийг” ашиглах, хүүхэд бүрт хамгийн сайн тохирох хоолны хувилбарыг олох, ямар витамин хэрэглэвэл тохирох хүртэл хоол боловсруулах тогтолцооны бүхий л асуудлыг бид өөрсдөө шийдвэрлэх боломжтой болно. Хувь хүний генетикийн цоорхойг нөхөхийн тулд тухайн хүнд тохирсон эрүүл хооллолтын удирдамжийг ийнхүү гаргаснаар хоол хүнстэй холбоотой бүхий л асуудлаас ангижрах боломжтой. Шим тэжээлийн генетикийн үйлчилгээний компаниуд ДНХ дээр үндэслэн хоолны дэглэм, зөвлөгөөг үйлчлүүлэгчиддээ санал болгодог болсон шүү дээ. Мөн халуунд хайлдаггүй мөхөөлдөс, шоколад ихээр дэлгэрнэ.
Өнөөдөр насанд хүрэгсдийн 40 орчим хувь нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай байгаа бөгөөд дэлхийн ихэнх үндэстэн уг асуудалтай тулгарч байна. Ирээдүйн шийдэл бол өөх тос, элсэн чихэр, давс, илчлэг багатай хоол хүнсийг боловсруулж, илүү их сэтгэл ханамжийг олгох явдал юм.
Хиймэл амттай чихэрлэг бодисууд байдаг, тэдгээр нь тааламжгүй гаж нөлөө үзүүлдэг тул худалдаанд гараагүй ба сайжруулахаар хичээн ажиллаж байгаа билээ. Жишээлбэл “сорбитол” гэх илчлэг багатай орлуулагч нь одоо туршилтын шатанд явж байгаа бөгөөд чихэртэй яг адилхан амттай боловч хэт их идсэн тохиолдолд өтгөн хатаадаг байна.
Массачусетс мужийн Туфтсийн их сургуулийн шим тэжээл судлалын доктор, профессор Жефри Блюмберг энэхүү шинэ үеийн талаар хамгийн их яридаг хүмүүсийн нэг юм.
“2028 он гэхэд бид генетикийнхээ талаар илүү их зүйлийг ойлгож ДНХ-ийн шинжилгээ хийснээр танд ямар төрлийн жимс, ямар төрлийн ногоо хэрэгтэйг, өдөрт хэдэн удаа хооллох хэрэгтэйг хэлж өгөх болно" хэмээн Жефри Блюмберг мэдэгджээ.
Ирээдүйд гадуур хооллоход уламжлалт хоолнууд цэсэд байсан хэвээрээ байх хэдий ч рестораны үнэр, дууны эффект, гэрэлтүүлэг зэрэг чухал байр суурь эзлэх юм байна. Учир нь эдгээр хэрэгслүүд нь стек, мөхөөлдөс гэх мэтчилэн олон зүйлийн амтыг таны мэддэгээс илүү амттай болгох зориулалттай аж.
Хөдөө аж ахуй, эдийн засгийн байдлаас шалтгаалан бид цагаан хоолтон болох нь ихсэх магадлалтай гэж судлаачид үзэж байна. Мөн хөгжиж буй орнууд НАСА-гийн сансрын нисгэгчдийн хүнсэндээ хэрэглэдэг шим тэжээлээр баяжуулсан жигнэмэг эсвэл хатаасан зууш гэх мэт авсаархан хоол ирээдүйд илүү ихээр нэмэгдэх бөгөөд өлсгөлөнгийн асуудлыг давхар шийдэх сайн талтай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Эдгээр бүтээгдэхүүн нь тааламжтай биш байж болох ч хамгийн их тэжээл, витамин агуулах бөгөөд цадсан мэдрэмжийг өгөхөд чиглэсэн бүтэцтэй байх болно.
Молекул хоол, шингэн азоттай бөмбөлөг зэрэг амттаныг бид хэрэглээд бид удаагүй байгаа бөгөөд цаашид ч хоол хүнсний шинэ шинэ нээлтүүд гарсаар байх болно. Тиймээс ч ирээдүйд хоолны газруудад уламжлалт хоолнуудаас гадна танд хэрэгтэй амин дэм, шим тэжээлийг агуулсан хоолны сонголтууд таныг хүлээж байх юм.
Н.Бат-Эрдэнэ